XXIV дэх удаагийн өвлийн олимпын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хоёрдугаар сарын дөрөвний өдөр нээлтээ хийж, албан ёсоор эхэлсэн. Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд цасан ширхгийн хэлбэртэй тогооны дунд хэсэгт олимпын бамбарыг асаасан. Олимпын бамбар нь тэмцээний бүх өдрийн турш бадамлан асаж, хаалтын үйл ажиллагааны үеэр дараагийн олимпыг зохион байгуулах улсын төлөөлөгчдөд дамжин очдог уламжлалтай.
Тэгвэл өчигдөр Бээжин хотод гэнэтийн цасан шуурга шуурч, цаг агаар таагүй байсны улмаас олимпын бамбар бөхсөн байх магадлалтай байна. АНУ-ын гэрэл зурагчин олимпын бамбарын гэрэл зургийг өчигдөр олон нийтэд хуваалцсан бөгөөд энэ зураг дээр бамбар бадамлахгүй, бөхсөн харагдаж байсан билээ. Үүний дараа Олон улсын олимпын хорооноос бамбар асаж байгаа эсэхийг тодруулахад “Бээжин 2022” өвлийн олимпыг зохион байгуулагчид “Бүх зүйл хэвийн” гэсэн хариу өгчээ. Цаг агаар муудаж, их хэмжээний цас орсон нь магадгүй бамбарыг бөхсөн мэт харагдуулсан байж болох юм гэсэн таамаглалууд ч олон нийтийн сүлжээгээр гарч байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, 1976 оны Монтреалын олимпын үеэр цаг агаараас шалтгаалан бамбар бөхөж байсан юм. Уг үйл явдлаас хойш цаг агаар ямар байхаас үл шалтгаалан олимпын бамбарыг унтраахгүй байх олон төрлийн аргуудыг өмнөх олимпуудад хэрэглэж ирсэн юм. “Бээжин 2022”олимпоос өмнөх олимпын бамбарууд хол зайнаас ч төвөггүй харагдахуйц байдаг байсан. Харин энэ удаагийн олимп байгаль орчинд ээлтэй байхыг уриалан маш жижиг хэмжээтэй бамбар асаасан бөгөөд энэ нь өмнөх бамбарууд шиг хол зайнаас харагдахуйц биш байсан билээ. Мөн олимпын бамбар бөхсөн гэдэг нь үнэн бол цаг агаарын таагүй нөхцөлөөс гадна хэт жижиг хэмжээтэй холбоотой байж мэдэх юм.
П.Мөнхтамир
Сэтгэгдэл (2)