XXIV дэх удаагийн өвлийн олимпын наадмын хүрээнд уран гулгалтын бүжгийн богино үзүүлбэрийн урьдчилсан шатны үзүүлбэрүүд өчигдөр өндөрлөж, финалын шатанд өрсөлдөх тамирчдын нэрс тодорсон билээ. Тэгвэл уг төрөлд Францын хос Гийом Сизерон (эрэгтэй) болон Габриэла Пападакис (эмэгтэй) нар төгс үзүүлбэрийг үзүүлж 90.83 оноотойгоор богино үзүүлбэрийн дэлхийн рекордыг эвдсэн.
Тэдний хувьд 2018 оны Пёнчанын олимпын мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын таван удаагийн аварга (2105-2019 онуудад дараалсан), Франц улсын долоон удаагийн аварга дэлхийн дээд амжилтыг нийт 28 удаа шинэчлэн тогтоож байсан алдарт тамирчид юм. Өмнөх олимпд богино бүжгийн төрөлд хангалтгүй үзүүлбэр үзүүлснээсээ болж Канадын хосын ард бичигдэж мөнгөн медалийн эзэд болж байсан тэд Бээжинд зөвхөн алтан медаль авах зорилготой ирсэн. Тэмцээний финалын шат буюу чөлөөт бүжгийн төрөл маргааш (хоёрдугаар сарын 14-нд) манай улсын цагаар 9:15 минутаас эхэлнэ.
Тэдний хувьд хоёул тэшүүрийн спорттой холбоотой гэр бүлүүдэд өссөн бөгөөд Гийом Сизероны аав нь тэшүүрийн клубын захирал байсан бол Габриэла Пападакисын ээж нь тэшүүрийн дасгалжуулагч байсан. Бэлтгэл сургуулилтаа шаргуу хийхийн тулд тамирчид 2014 оноос эхлэн Канад улсын франц хэлээр ярьдаг Квебек мужийн Монтреал хотод суурьшсан. Эрэгтэй гулгагч болох Гийом Сизорен нь ижил хүйстэн бөгөөд бусад ижил хүйстэн хүмүүсийн үлгэр дуурайлал болж урам зориг өгдөг нэгэн. Энэхүү Францын алдарт хос 27 болон 26 настай бөгөөд энэ удаагийн олимп бол тэдний хувьд олимпд түрүүлэх хамгийн өндөр боломж нь. Магадгүй тэдний сүүлчийн олимп ч байж болох юм. Учир нь уран гулгалтын спортод 30 болон 31 нас хөгшинд тооцогддог.
П.Тамир
Сэтгэгдэл (1)