Дайны бэлэн байдалд байгаа ОХУ болон Украин улсууд цэргүүдээ хилийн дагуу татаж, зэвсэгт хүчнээ зузаатгаад буй. Энэ хоёр улсын хувьд дайн эхлэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа өрнөдийн хэвлэлүүд “ОХУ-ын Ерөнхийлөгч Украин руу довтлох шийдвэр гаргасан” гэж мэдээлж эхэлсэн. Дайралт ирэх долоо хоногт олимп дуусахаас өмнө эхлэнэ гэж таамаглаж байгаа бөгөөд АНУ, Япон, БНСУ, Икраиль улс иргэдээ 48 цагийн дотор Украинаас гарахыг анхааруулж байгаа билээ. Дайралтыг энэ хоёрдугаар сарын 16-нд буюу ирэх лхагва гарагт болж магадгүй гэж үзэж байгаа юм.
Дайн дэгдэж магадгүй ийм нөхцөл байдалд дэлхийн эв нэгдлийн бэлгэдэл олимп болж байгаа. Энэ олимпод улсаа төлөөлөн оролцож байгаа Украины скелетоны тамирчин Владислав Гераскевич өөрийн байр сууриа эрэгтэйчүүдийн скелетоны тэмцээний үеэр илэрхийллээ. Украин улсын 23 настай скелетоны тамирчин Владислав Гераскевич нь өчигдөр өөрийн төрөлдөө оролцож 25 тамирчнаас 17 дугаар байранд шалгарсан. Түүний хувьд финалын шатны гулгалтаа дуусгасныхаа дараа Украин улсын төрийн далбааны өнгөтэй цаасан дээр “No war in Ukraine” буюу “Украинд дайныг хүсэхгүй байна” гэх утгатай үгсийг бичсэн цаасыг камер руу харуулан барьж зогссон.
Үүнийхээ Владислав Гераскевич, “Миний хувьд бусад жирийн хүмүүсийн адилаар дайныг хүсэхгүй байна. Би Украин улсыг энх тайван байлгахыг хүсэж байна. Би дэлхий нийтийг энх тайван байлгахыг хүсэж байна. Би энх тайвны төлөө тулалдах болно. Өнөөдрийн байдлаар Украинд амар амгалан буй нэг ч хүн байхгүй. Бүгд айж түгшиж байна. XXI зуунд асуудлыг бид дайн тулаанаар шийдвэрлэх ёсгүй. Ийм учраас би өөрийн дуу хоолойгоо олимпын наадмаар дамжуулан дэлхий нийтэд хүргэхийг хүссэн юм” гэж хэлжээ.
П.Тамир