Өвлийн олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй цанын спортын ОУХМ Батмөнхийн Ачбадрах эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын 15 км-ын төрөлд өрсөлдөж 65 дугаар байранд хурдаллаа. Түүний хувьд барианаас 90 дүгээр байранд гарсан бөгөөд 25 байр ахиж 65 дугаарт орсон нь хувь тамирчны хувьд маш сайн үзүүлэлт юм. Мөн Б.Ачбадрах нь спринт буюу 0.6 км-н зайд уралдаж 77-р байранд шалгараад байсан билээ.
Өнөөдөр болсон энэхүү төрөлд 7.5 км+7.5 км скиатлоны төрөлд гуравдугаар байранд ороод байсан Финландын тамирчин Ливо Нисканен 37:54.8 гэх цагийн амжилтаар бүх тамирчдыг ардаа орхин Бээжингийн олимпоос Финланд улсын эхний алтан медалийг тэмцээний долоо дахь өдөр авлаа.
Харин түүний араас скиатлоны төрөлд хэдхэн хоногийн өмнө түрүүлсэн ОХУ-ын Александр Болшунов болон спринт төрөлд түрүүлсэн Норвегийн Йоханнес Хёслот Клебо тус тус барианд орж мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. Ингэснээр шагналын тавцанд гурван өөр төрөлд олимпын аварга болоод буй тамирчид зогсох юм. Нийт 97 тамирчин гараанд гарсан уг уралдаанд манай тамирчин Б.Ачбадрахын үзүүлсэн 43:29.9 гэх цагийн амжилт нь түүнийг тэргүүлэгчээс 5 минут 25 секундын дараа барианд орсныг илтгэнэ. Б.Ачбадрах Ази тивийн тамирчид дундаа Казахстан, БНХАУ, болон Японы тамирчдын араас барианд орсноор наймдугаар байранд жагссан.
П.Тамир
Сэтгэгдэл (1)