“Бээжин 2022” олимпын уран гулгалтын багийн төрөлд өрсөлдсөн Оросын олимпын хорооны тамирчин, 15 настай залуу Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн гэх мэдээ сүүлийн өдрүүдэд эрчтэй тархаад байна. Зарим мэдээллийн эх сурвалж түүнийг допинг хэрэглээгүй хэмээн мэдээлж байсан ч шинжилгээнээс триметазидин гэх хориотой бодис илэрснийг (ITA) албан ёсоор зарлалаа. Камила Валиевагийн 2021 оны арванхоёрдугаар сарын 15-нд хориотой бодис илэрсэн ч ОХУ-ын шигшээ баг үүнийг үл тоон түүнийг энэ оны эхэнд зохиогдсон Тбилисийн ДАШТ болон Бээжингийн олимпд оролцуулах шийдвэрийг гаргасан нь нэлээд том асуудлыг үүсгээд байна.
Триметазидин нь зүрхний ачааллыг дэмждэг бөгөөд тамирчны үзүүлбэр үзүүлэх чадварт нэмэлт өөрчлөлт үзүүлдэг тул ВАДА-гийн зүгээс уг эмийг допинг хэмээн үзэж хориглогдог. Камила Валиева нь зүрхний ямар нэгэн асуудалтай эсэх нь тодорхой биш байгаа бөгөөд хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар уг эмийг хэрэглэсэн бол эмчийн зөвшөөрөлтэй хэрэглэх ёстой байжээ. Түүний шинжилгээг Швед улсын нийслэл Стокхольм хотын төв лабораторид шинжилсэн юм байна.
Багийн төрөлд хүртсэн алтан медалиа ОХУ-ын баг тамирчид хураалгахгүй хэдий ч допингийн хэргээс болж хоёр жилийн хугацаанд олимпын тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулаад байгаа ОХУ-ын хувьд энэ нь тун таагүй мэдээ юм. Тэдний хориг энэ жилийн арванхоёрдугаар сард дуусах байсан ч ийнхүү допингийн хариу нь эерэг гарсан тамирчныг олон улсын томоохон тэмцээнүүдэд удаа дараалан оролцуулсан нь хоригийг цааш сунгаж мэдэхээр нөхцөлийг үүсгээд байна. Харин Камила Валиевагийн хувьд өөрийнх нь шинжилгээнээс хориотой бодис арванхоёрдугаар сард илэрсэн гэдгийг мэдээгүй байх магадлалтай. Учир нь, ОХУ-ын шигшээ баг алтан медаль авах боломжтой тамирчнаа олимпод оролцуулахыг хүссэн тул уг хариуг өөрөөс нь хүртэл нуусан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
П.Тамир