Өнөөдөр Бээжин 2022 олимпын наадмын хүрээнд сноубордын эрэгтэйчүүдийн “Halfpipe” төрлийн тэмцээн өндөрлөж медалийн эзэд тодорлоо. Тэгвэл энэхүү төрлийн финалд 2006 оны Турин, 2010 оны Ванкувер, 2018 оны Пёнчанын олимпуудын аварга АНУ-н тамирчин Шон Уайт 35 насандаа оролцлоо. Түүний хувьд энэхүү олимпыг эхлэхээс өмнө зодог тайлж буйгаа мэдэгдээд байсан билээ. Финалын шатанд Япон улсын тамирчин Аюму Хирано 96 оноотойгоор тэргүүлсэн бол Австралийн Скотти Жеймс болон Швейцарын Ян Счеррер нар тус тус 92.5, 87.25 оноо авч удаалсан. Харин Шон Уайтын хувьд сүүлийн олимпоо (сүүлийн тэмцээ) 85 оноотойгоор дөрөвдүгээр байранд шалгарсан амжилттайгаар өндөрлүүлж байна.
Шон Уайт нь сноубордоос өмнө скейтбордын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 16 насандаа мэргэжлийн тамирчин болсон. Харин сноубордын спортоор анх 7 наснаасаа эхлэн өөрийн ах Жессе Уайтын хамтаар хичээллэж эхэлсэн. Улмаар 2006 оны Турины олимпд 19 насандаа оролцож финалын шатанд боломжит 50 онооноос 46.8 оноог авснаар анхны олимпын алтан медалиа авсан. Тэрээр олимпд зөвхөн Halfpipe төрөлд оролцдог ба 2010 оны Ванкуверийн олимпд бусад тамирчдаас хол тасархай түрүүлж 23 насандаа олимпын хошой аварга болсон.
Ийнхүү 2014 оны Сочигийн өвлийн олимпд олимпын хошой аварга гэж цолтойгоор ирсэн түүний хувьд дөрөвдүгээр байранд шалгарч анх удаа олимпын наадмыг медальгүй өндөрлүүлж байсан. Харин 2018 онд 31 настай ахмад тамирчны хувиар Пёнчаныг зорьж 97.75 оноотойгоор бүх тамирчдыг тэргүүлж өөрийн гурав дахь АНУ-н өвлийн олимпын түүхэн дэх 100 дахь алтан медалийг хүртсэн. Уг олимпын өмнө
Шон Уайт нь Шинэ Зеландад бэлтгэл хийж байх үедээ осолдож нүүрэндээ 62 оёдол тавиулж хүнд цаг үеийг туулсан. Мөн энэхүү олимпд Шон Уайт түрүүлэх үед өнөөдөр олимпын аварга болсон Японы Аюму Хирано мөнгөн медаль хүртэж байсан бол өнөөдөр мөнгөн медалийг хүртсэн Австралийн тамирчин Скотти Жеймс хүрэл медалийн эзэн болж байсан түүхтэй.
Олимпын наадмаас гадна түүний хувьд “X Games” буюу ESPN-с зохион байгуулдаг экстрем спортуудын хамгийн том тэмцээнд сноубодын төрлөөр 13 удаа, скейтбордын төрлөөр хоёр удаа түрүүлж байсан амжилттай. Энэхүү хоёр төрлүүдэд түрүүлснээр Шон Уайт нь өвлийн болон зуны X Games-д түрүүлсэн цор ганц тамирчин болсон. Энэ цаг мөчөөс эхлэн сноубордын спортоосоо зодог тайлж буй тэрээр хэсэг хугацаанд скейтбордын спортод анхаарал хандуулах гэнэ.
П.Тамир