“Бээжин 2022” өвлийн олимпын эрэгтэй хоккейн А болон C хэсгийн эхний тойргийн тоглолтууд өчигдөр болж өндөрлөсөн. NHL-ын тамирчид коронавирусын халдвараас зайлсхийж энэ удаагийн олимпыг өнжсөн тул үргэлж хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг АНУ энэ удаа нэлээд сул шигшээ багийг Бээжин рүү илгээсэн. Гэвч тэд тэмцээний эхний тоглолтоо эзэн орны шигшээ багийн эсрэг хийж 8:0 харьцаатайгаар ялалт байгууллаа.
БНХАУ-ын шигшээ багийн хувьд эзэн орны баг гэдэг утгаараа олимпд оролцох эрхээ шууд авсан. Уг тоглолтын эхний үед БНХАУ-ын баг тун боломжийн тоглолт үзүүлэн 1:0 харьцаатай дуусгасан ч хоёрдугаар үед гурван гоол, гуравдугаар үед дөрвөн гоолыг тус тус алдсанаар тоглолт АНУ-ын шигшээ багийн бүрэн удирдлага дор өндөрлөсөн.
Бусад сонирхолтой тоглолтуудын үр дүнг танилцуулахад АНУ болон БНХАУ-тай нэг хэсэгт ороод буй өмнөх олимпын мөнгөн медальт Германы шигшээ баг Канадын шигшээ багт 1:5 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Харин C хэсэгт Шведүүд Латвийн багийг 3:2 харьцаатайгаар буулган авсан бол Финландын шигшээ баг 6:2 гэх дүнгээр Словакыг хожсон. B Хэсгийн тоглолтуудын хувьд ОХУ-н баг Швейцарыг 1:0 харьцаатай ялсан бол Данийн шигшээ Чехийг 2:1 харьцаатай буулган авсан.
Өнөөдөр 12:10 цагаас эхлэн B болон C хэсгийн хоёрдугаар тойргийн ОХУ-Дани, Чех-Швейцар, Швед-Словак, Латви-Финланд гэх дөрвөн тоглолт явагдана.
П.Тамир