Өвлийн спортын хамгийн олон үзэгчтэй төрөл болох уран гулгалтын багийн төрөл олимпын эхний өдрүүдэд болж, дүнгээ гаргасан. Энэхүү багийн төрөлд допингийн асуудлаас болоод улсынхаа нэр дээр олимпод оролцох эрхээ хасуулаад байгаа ОХУ-ын баг буюу Оросын олимпын хорооны баг тамирчид алтан медаль, АНУ-ын баг тамирчид мөнгөн медаль, Япон улсын баг тамирчид хүрэл медалийн болзол хангаад байгаа билээ. Тэмцээн дуусмагц медаль гардуулдаг байсан нь 2002 оны Сол Лэйкийн олимпоос хойш өөрчлөгдөж, эхлээд дурсгалын зүйл гардуулдаг болсон. Улмаар медаль хүртсэн тамирчдын шагналыг тусгайлан зассан ордонд, допингийн шинжилгээний хариу гарсны дараа гардуулж өгдөг болсон юм. “Бээжин 2022” олимпын уран гулгалтын багийн төрлийн медаль хүртсэн баг тамирчдад медаль гардуулах ёслол хуваарь ёсоор энэ мягмар гарагт болох ёстой байв. Гэсэн ч энэ ёслол өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсны учиг эхнээсээ тайлагдаж эхэллээ. Учир нь өчигдөр оройноос дэлхийн хэвлэлүүдээр Оросын олимпын хорооны багийн уран гулгалтын тамирчнаас хориотой бодис илэрсэн тухай, тэр нь 15 настай Камила Валиева хэмээн ид шуугиж байна. Олон улсын олимпын хороо, “Бээжин 2022”-ын зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор тамирчны нэрийг зарлаагүй ч дэлхийн хэвлэлээр Оросын уран гулгалтын ирээдүйтэй тамирчин, дэлхий нийтээр ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэх магадлалтай тамирчны нэгт нэрлээд буй Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн хэмээн мэдээллээ.
“Inside the games” уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртсэн Оросын олимпын хорооны тамирчны шинжилгээнээс марихуан илэрсэн хэмээн мэдээлээд байгаа. Тамирчин марихуан хэрэглэсэн бол Олимпын хотхонд, Бээжинд ирэхээс өмнө татсан байх магадлалтай гэдгийг мөн дэлхийн хэвлэлүүдээр таамаглаж байна. Учир нь, БНХАУ бол хар тамхи, марихуаныг зөөвөрлөх хэрэглэхэд маш хүнд шийтгэл оногдуулдаг орон. Тэгэхээр олимпод оролцох тамирчин Бээжинд ирэхээс өмнө хэрэглэсэн байх магадлалтай гэдэг таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. Хэдийгээр дэлхийн хэвлэлүүдээр ийн мэдээлэл тархаад байгаа ч ОХУ-ын Уран гулгалтын холбооны хэвлэлийн төлөөлөгч Ольга Ермолина тус байгууллагад албан ёсоор мэдээлэл ирээгүй байгаа гэдгийг онцолсон. Харин Оросын олимпын хорооны уран гулгалтын багийн дасгалжуулагчийн багийнхан “Бид үргэлж тамирчдаасаа шинжилгээ авсаар ирсэн. Бээжинд ирэхийн өмнө тэдэнд ямар нэгэн асуудал байгаагүй. Тэгтэл олимпод түрүүлсний дараа гэнэт хориотой бодис илэрнэ гэж юу байсан юм. Тэд чинь хүүхдүүд шүү дээ. Мансууруулах бодис хэрэглэх хүмүүс биш” хэмээн тайлбар өгөөд байгаа юм. Уг дуулианд нэр холбогдсон Камила Валиевагийн хувьд энэ жил 15 настай буюу насанд хүрээгүй хүүхэд. Иймээс хуульчдын баг хуралдаж, асуудлыг хэрхэн шийдэх талаар нэлээд нухацтай судалж байгаа бололтой. Камила Валиевагийн хувьд оролцсон тэмцээн бүртээ амжилт үзүүлж ирсэн ОХУ-ын уран гулгалтын маш ирээдүйтэй тамирчнаар нэрлэгддэг. Дээр хэлсэнчлэн түүнийг уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль зүүнэ гэж уран гулгалт сонирхогчид, мэргэжилтнүүд таамгийнхаа нэгдүгээрт хэлж байв. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөл хоёрдугаар сарын 15-нд эхлэх юм. Хэвлэлүүдээр мэдээлж байгаа шиг Камила Валиева марихуан хэрэглэсэн нь үнэн бол Оросын олимпын хорооны уран гулгалтын багийн медалийг яах вэ гэсэн асуулт урган гарч байгаа.
Багийн төрөлд медаль хүртсэн тамирчдын нэгээс олон тамирчин хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдвол медалт хураах асуудал хөнддөг. Харин нэг тамирчны шинжилгээнээс илэрвэл, медалийг хураах боломжгүй бөгөөд тухайн тамирчныг олимпын хотхоноос хөөдөг. Марихуан нь Допингийн кодекст нэлээд “зөөлөрсөн” зөрчилд тооцогддог болсон бөгөөд Камила Валиевагийн хувьд насанд хүрээгүй гэдэг нь мөн хүндрүүлэн үзэхгүй байх шалтгаан болж байгаа юм. Дашрамд сануулахад ОХУ-ын хөнгөн атлетикийн баг тамирчид хориотой төрлийн бодис хэрэглэж, олон улсын тэмцээнд оролцсон нь удаа дараалан батлагдсан тул улсын 2018 оны Пёнчан, 2020 оны Токио, болон 2022 оны Бээжингийн олимпын наадмуудад оролцох эрхийг хассан. Эх орныхоо нэр болон далбаан дор олимпод оролцох боломжгүй болсон тамирчид Оросын олимпын хороог төлөөлөн дээрх гурван олимпод оролцож байгаа билээ. Тамирчид алтан медаль хүртвэл тус улсын төрийн далбааны оронд олимпын далбааг мандуулж, төрийн дууллын оронд Чайковскийн симфони эгшиглэж буй билээ.
П.Мөнхтамир
Сэтгэгдэл (2)