"Бээжин 2022" өвлийн олимпын чарганы спортын эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, болон эрэгтэй хосын төрлүүд амжилттай болж өндөрлөлөө. Сонирхолтой нь чаргын энэ гурван төрөлд ХБНГУ-ын тамирчид алтан медаль хүртээд байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Йохханес Людвиг, эмэгтэйчүүдийн ангилалд Сочи болон Пёнчанын олимпын алтан медальт Натали Гайзенбергер аваргаа хамгаалан дахин түрүүлсэн.
Тэгвэл өчигдөр болж өнгөрсөн эрэгтэй хосын төрөлд олимпын хоёр удаагийн аварга Тобиас Вендль болон Тобиас Арлт нар 1:56.554 цагаар хурдалж, олимпын гурав дахь алтан медалиа хүртлээ. Энэ төрөлд мөнгөн медалийг мөн л ХБНГУ-ын тамирчид хүртсэн. Хосын эрэгтэй төрөлд алтан медаль хүртсэн Тобиас Вендль, Тобиас Арлт нарыг шууд дамжуулалтын үеэр манай тайлбарлагч нар ихрүүд хэмээн танилцуулсан ч тэд үнэн хэрэгтээ тэд өөр өдөр, өөр газруудад төрсөн тамирчид юм. Тэд хоёул Тобиас гэх нэртэй бөгөөд адилхан 34 настай тул хүмүүс тэднийг ихэр хэмээн ихэвчлэн андуурдаг аж.
Чарганы арын байрлалд уралдсан Тобиас Арлт нь 1987 оны зургадугаар сарын 2-нд Баруун Германы Берхтесгаден гэх хотод мэндэлсэн, харин чарганы урд талын байрлалд уралдсан Тобиас Вендль нь 1987 оны зургадугаар сарын 16-нд Баруун Германы Аачен хотод мэндэлсэн тамирчид юм байна. Олимпын гурван удаагийн алтан медалийн эзэн хоёр Тобиас 14 хоногийн зайтай мэндэлсэн гэсэн үг.
Чарганы спортын хамгийн сүүлийн төрөл болох багийн буухиа уралдаан өнөөдөр явагдана. Энэхүү төрөлд ч мөн адил Герман улсын баг тамирчид түрүүлэх өндөр магадлалтай байгаа юм.
П.Мөнхтамир