Бээжин 2022 олимпын өнөөдрийн тэмцээн уралдааны медальтнууд эхнээсээ тодроод байна. Тэгвэл манай улсын цагаар өглөө 11:00 минутад эхэлсэн эрэгтэйчүүдийн чөлөөт цанын үзүүлбэрийн “Big Air” төрөл өндөрлөлөө.
Энэхүү төрлийн урьдчилсан шатанд 31 тамирчин өрсөлдөж тэднээс хамгийн өндөр оноо авсан 12 нь финалын шатанд шалгарсан. Норвеги улсын тамирчин Бирк Рууд урьдчилсан шатыг тэргүүлж өндөрлүүлсэн бөгөөд финалын шатанд эхний хоёр үзүүлбэрийнхээ нийлбэр болох 187.75 оноотойгоор олимпын аварга болсон. Харин түүний араас АНУ-н тамирчин Колби Стивенсон, Шведийн Хенрик Харлаут нар тус тус 183 болон 181 оноотойгоор олимпын медальтнууд боллоо.
Эхний хоёр байранд шалгарсан тамирчид хоёул амьдралын хүнд хэцүүг даван туулсан. Бирк Рууд нь хорт хавдраас бол эцгийгээ алдаад удаагүй байсан бол Колби Стивенсон 2016 онд авто машины маш хүнд осолд орж ухаангүй хэд хоногийг өнгөрөөж байсан гэнэ. Түүний гавлын яс 30 газар цуурч, мөр нь тэр чигтээ бяцарч, нүд болон хүзүүний яс нь хугарсан байдалтай байжээ. Энэхүү хүнд ослоос түүнийг амьд гарах боломжгүй гэж эмч нар үзэж байсан ч бүрэн эдгээд барахгүй төрөлх спортоороо үргэлжлүүлэн хичээллэж олимпын медальтан болоод байна. Түүний гайхамшигт түүх нь АНУ-д нэлээд алдартай бөгөөд олон хүнд урам зориг хайрладаг.
Эхний хоёр үзүүлбэрээ амжилттай үзүүлж олимпын аварга болох нь тодорхой болоод байсан Бирк Рууд нь сүүлийн үзүүлбэрээ үзүүлэхдээ Норвеги улсын төрийн далбааг нэг гартаа атган гарч агаар дээр улсынхаа далбааг мандуулсан.
П.Тамир