Өнөөдөр "Бээжин 2022" өвлийн олимпын хүрээнд эрэгтэйчүүдийн шорт трекийн 1,500 метрийн онц сонирхолтой уралдаанууд явагдаж медалийн эзэд тодорно. Тэгвэл энэхүү төрөлд уралдах Унгар улсын ах дүү хоёрыг та бүхэнд танилцуулж байна.
Шаолинь Шандор Лю болон Шаоанг Лю нар нь Хятад аав Унгар ээжтэй бөгөөд хоёул Унгар улсын хийслэл Будапешт хотод мэндэлсэн. Ах Шаолинь Шандор Лю нь 26 настай 500 болон 1,000 метрийн зайд дэлхийн аварга. Харин дүү Шаоанг Лю нь 23 настай 500 метрийн төрөлд дэлхийн аварга болж байсан амжилттай.
Тэд анх усан сэлэлтийн спортоор хоёр жилийн турш хичээллэсэн ч ах дүү хоёр хүйтэн усанд сэлснийхээ дараа амархан ханиад хүрдэг байсан тул уг спортыг орхиж тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн. Анх 2006 онд ДАШТ Унгар улсад зохиогдох үед тэдний аав БНХАУ-н шигшээ багийн хөтчөөр ажилласан бөгөөд тэр цаг үед БНХАУ-н шигшээ багийнхан ах дүү хоёрыг шорт трекийн төрлөөр хичээллэвэл амжилт үзүүлэх боломжтойг анзааран тэдэнд БНХАУ-д бэлтгэлд хамрагдах саналыг тавьсан. Улмаар ах дүү хоёр БНХАУ-д нэг жил хагасын хугацаанд хувийн багш дээр бэлтгэл хийсэн бөгөөд нутагтаа буцаж ирснээсээ хойш өсвөр үеийн бүхий л тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж эхэлсэн.
Тэднийг Унгар улс руу буцсаны дараа тэднийг бэлтгэж байсан Жанг Жинг гэх эмэгтэй дасгалжуулагч удалгүй араас нь ирж бэлтгэлээ нэг үндсэн нэг дасгалжуулагч дээрээ үргэлжлүүлэх болсон. Хэсэг хугацааны дараа Жанг Жинг Унгарын шорт трекийн шигшээ багийн үндсэн дасгалжуулагчаар томилогдож одоо хүртэл ах дүү хоёрыг дасгалжуулсаар байгаа.
Харин Бээжин 2022 олимпд ах дүү хоёр хэдийнээ багийн буухиа болон 1,000 метрийн төрлүүдэд өрсөлдөөд байна. Буухиан төрөлд багаараа гуравдугаар байр эзэлсэн бол 1,000 метрийн ганцаарчилсан төрөлд тэд хоёул финалд шалгарсан. Финалын шатанд БНХАУ-ын гурван тамирчинтай хамт уралдаж Шаолинь Шандор Лю түрүүлсэн боловч шүүгчид түүнийг уралдааны явцад хориотой үйлдэл гаргасан гэж үзэн тэмцээнээс хассан. Харин Шандор Лю хүрэл медаль хүртэж энэ олимпын хоёр дахь хүрэл медалиа авсан.
Уг финалын дараа Унгарын шигшээ баг болон Өмөнд Солонгосын (Хагас шигшээ уралдаанд гарсан маргааны тухай) шигшээ багууд Олон улсын тэшүүрийн холбоонд гомдол гаргасан боловч олимп зохион байгуулагчдын шийдвэрийг зөв хэмээн үзэж тэдний саналыг нухацтай авч хэлэлцээгүй.
2018 оны Пёнчанын олимпод ах дүү хоёр 5,000 метрийн эрэгтэй багийн төрөлд амжилттай уралдан түрүүлж байсан удаатай. Энэ нь Унгар улсын түүхэн дэх анхны өвлийн олимпын алтан медаль байсан бөгөөд тэд олимпын дээд амжилтыг финалын уралдаанд шинэчлэн тогтоосон. Олимпын рекордоос гадна Унгарчууд энэхүү төрөлдөө дэлхийн дээд амжилтыг мөн эзэмшдэг.
П.Мөнхтамир
Сэтгэгдэл (1)