Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн олимпын наадам нээлтээ хийгээд зургаа хонож байна. Олимпын тухай эерэг сэтгэгдлүүдийн хажуугаар тамирчдаас ирж буй цаг уур, зохион байгуулалт, хөл хорио, хиймэл цас гэх мэт асуудлуудтай холбоотой гомдлууд улам ихэссээр байна.
Эмэгтэйчүүдийн 7.5 км+7.5 км скиатлоны төрөлд уралдсан Шведийн тамирчин Фрида Карлссон тавдугаар байранд шалгаран барианд орох үедээ хүйтэн цаг агаараас болж бараг л осгочихсон байсан гэнэ. Энэ тухай Шведийн багийн ахлагч Андрес Быстроем: “Олон улсын цанын холбоонд цельсийн хасах 20 хэмээс хүйтэн нөхцөлд ямар нэгэн тэмцээн зохион байгуулахыг хориглодог. Тэмцээн болсон өдрийн температур цельсийн хасах 13 хэм байсан хэдий ч салхины хурдыг тооцоолж үзвэл цельсийн хасах 31 хэмийн хүйтэн байсан. Бидэнд хүйтнийг хэмждэг дүрэм журам гэж бий. Гэхдээ Бээжингийн олимпыг зохион байгуулагчид уг журмыг баримталдаг үгүйг мэдэх юм алга” хэмээн бухимджээ.
Мөн ОХУ-ын биатлоны тамирчин Валерия Васнецова хөл хорионд байх үедээ өөрийн цахим хаягтаа олимп зохион байгуулагчдын өгсөн хоолны зургийг “Өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол бүгд ижилхэн. Таван өдрийн туршид ийм хоол идэж байна” гэх тайлбартайгаар оруулжээ.
Үүнээс гадна Бээжин хотод энэ жил хангалттай хэмжээний цас ороогүй учраас энэ удаагийн олимпд хиймэл цас ашиглаж байгаа. Ингэснээр гадна талбайн спортын төрлүүдэд өрсөлдөж буй тамирчид олноороо бэртэж гэмтэх тохиолдол маш ихээр тохиолдсоор байна.
Хөл хорионы асуудал мөн л олон тооны асуудлыг дагуулж байгаа бөгөөд ковидын халдвар авч тусгаарлалтад орсон тамирчид эдгэсэн хэдий ч тэмцээндээ амжиж оролцох үгүй нь эргэлзээтэй болсоор байгаа тул тэсвэр алдаж цахим хуудаснуудаараа дамжуулан өөрсдийн байр сууриа илэрхийлж Бээжингийн олимпын зохион байгуулалтыг шүүмжилсээр байна.
Энэхүү асуудлуудаас гадна шорт трекийн төрлийн шүүгчдийн тухай асуудал хүчтэй хөндөгдөөд байгааг манай сайт мэдээлснийг уншигч та харсан байх.
П.Мөнхтамир