Дэлхийн хамгийн алдартай сагсанбөмбөгийн лиг болох NBA-гийн 2021-2022 оны улирал талдаа орж, солилцоо наймааны цонх хаагдахад хоёрхон хоногийн хугацаа үлдээд байна. Тэгвэл өнгөрсөн шөнө бидний төсөөлж байгаагүй хоёр том солилцоо хийгдэж спорт сонирхогчдыг гайхшрууллаа. Эхний наймаа нь “Портленд Трэйл Блэйзерс”” болон Нью-Орлеан Пеликанс” багуудын хооронд өрнөсөн. 2013 оны “Портленд Трэйл Блэйзерс” багт драфтлагдсан цагаасаа хойш төрөлх багтаа үнэнчээр хүчин зүтгэж явсан Си Жей Макколум энэхүү солилцооны хамгийн гол нүүр царай болсон. “Портленд Трэйл Блэйзерс” баг Си Жей Макколум, Ларри Нэнс, Тони Снелл гэх тоглогчдыг “Нью-Орлеан Пеликанс” багт өгч, оронд нь Жош Харт, Никейл Александер-Уокер, Диди Лоузада, 2022 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх, болон хоёр ширхэг хоёрдугаар тойргийн эрхүүдийг авч байна. Энэхүү солилцоог хийснээр “Портленд Трэйл Блэйзерс” баг их хэмжээний цалингийн цэс суллаж чадлаа.
Харин хоёр дахь солилцооны хувьд “Сакраменто Кингс” болон “Индиана Пейсерс” багуудын хооронд өрнөсөн. Энэхүү солилцоонд “Индиана Пейсерс” багийн хувьд хоёр удаагийн бүх одод Литв хүчний довтлогч/төв Домантас Сабонис, Жереми Ламб, Жастин Холидей нарыг “Сакраменто Кингс” баг руу илгээж хариуд нь Бадди Хилд, Тристан Томпсон, Тайриз Халибертон нарыг авсан. Тус хоёр багийн хувьд хоёул энэ улиралд өндөр амжилт үзүүлэх боломж маш бага болсон бөгөөд багийнхаа ирээдүйг харсан солилцоог хоорондоо хийлээ. Гэвч өөрийн зүгээс дүгнэхэд энэхүү солилцооны ялагчид бол яах аргагүй “Индиана Пейсерс”.
П.Тамир