Өвлийн олимпын үндсэн төрлүүдийн нэг болох хурдан тэшүүрийн эрэгтэйчүүдийн 1,500 метрийн уралдаан дөнгөж сая амжилттай өндөрлөж олимпын медальтнуудаа тодрууллаа. Уг төрөлд дэлхийн дээд амжилтыг (1:40.17) эзэмшигч Нидерландын Кьелд Нёйс түрүүлж, түүний нутаг нэгт тамирчин Томас Крол болон Өмнөд Солонгосын Ким Минсеок нар удаалж мөнгө, хүрэл медалийг тус тус хүртсэн.
Нийт 29 тамирчин энэхүү төрөлд өрсөлдөж аварга болсон Кьелд Нёйс 1:43.21 гэх цагийн амжилтаар 2002 оноос хойш эвдэгдээгүй байсан олимпын рекордыг шинэчлэн тогтоосон. Кьелд Нёйс нь 2018 онд Пёнчанын олимпд оролцож хурдан тэшүүрийн 1,500 болон 1,000 метрийн зайд тус тус түрүүлсэн. Тэгвэл энэ удаад 1,500 метрийн төрөлд аваргаа амжилттай хамгаалсан тэрээр ирэх өдрүүдэд дахин алтан медалийн төлөө өрсөлдөнө. Дэлхийн болон олимпын дээд амжилтыг ийнхүү нэгэн зэрэг эзэмших болсон Кьелд Нёйс нь энэ жил 32 настай бөгөөд Бээжингийн олимп түүний хамгийн сүүлийн олимпын наадам нь байх өндөр магадлалтай.
П.Тамир