Өвлийн олимпын хамгийн үзүүштэй төрлүүдийн нэг болох уран гулгалтын ганцаарчилсан төрөл өнөөдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд нийт 29 тамирчин өрсөлдөж тэдний 24 нь нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд чөлөөт гулгалтын төрөлд оролцох эрхээ аваад байна.
Нийт тамирчдыг богино үзүүлбэрийн төрөлд Хятад гаралтай АНУ-ын тамирчин Нэтан Чен 113.97 оноотойгоор тэргүүлсэн бол түүний араас Япон улсын тамирчид болох Юма Кагияама болон Шома Уно нар тус тус 108.12, 105.9 оноотойгоор удаалж байна. Дараагийн шатанд шалгарсан 24 гулгагчид чөлөөт гулгалтын үзүүлбэрээ үзүүлсний дараа хоёр төрлийн нийлбэр оноогоор медалийн эзэд тодорно.
Тэмцээнийг тэргүүлэгч Нэтан Ченийн хувьд өчигдөр багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дэлхийн гурван удаагийн аварга юм. Энэ жил 22 настай Нэтан Ченийн ээж аав нь хоёул Хятад хүмүүс бөгөөд хүүгээ гурван наснаас нь тэшүүрийн спортоор хичээллүүлж эхэлсэн.
2018 оны Пёнчанын олимпд Нэтан Чен оролцож багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Харин түүний ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр маш хангалтгүй байсны үндсэнд тэрээр 17-р байранд жагссан. Гэвч чөлөөт гулгалтын төрөлд 215.08 буюу олимпын түүхэн дэх хамгийн өндөр оноог авч 17-р байрнаас 5-р байр хүртэл дэвшиж байсан удаатай. Дөрвөн жилийн өмнөх алдаагаа өнөөдөр давталгүй нэгдүгээр байранд бичигдэж байгаа түүний хувьд олимпын аварга болох магадлал маш өндөр байна.
П.Тамир