Өвлийн олимпын дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн цанын чөлөөт үзүүлбэрийн буюу “Big Air” төрлийн финалын шат өндөрлөж өнөөдрийн эхний медальтнууд шалгарлаа. Уг төрөлд БНХАУ-ын Эйлин Фэн Гу гэх 18 настай залуу тамирчин хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 188.25 оноотойгоор олимпын аварга болсон. Түүний хувьд Америк аав, Хятад ээжтэй ба АНУ-д 2003 онд мэндэлсэн. Замналынхаа эхэн үедээ АНУ-ын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан ч 2019 онд давхар иргэншил эзэмших болж БНХАУ-ыг төлөөлж эхэлсэн.
Түүнтэй адил түүхтэй нэгэн болох БНХАУ-ын уран гулгалтын тамирчин Жу И багийн төрлийн тэмцээнд оролцох үедээ эмэгтэй ганцаарчилсан гулгалтад хоёр том алдаа гарган багаа хөөдөөд байсан. Ингэснээр БНХАУ-ын иргэд цахим сүлжээгээр Жу Иг ихэд шүүмжлэн “Гаднын оронд төрж өссөн хятад хэлээр чөлөөтэй ярьж чаддаггүй тамирчид бидний эх оронг төлөөлөх эрхгүй” гэцгээж байсан. Энэхүү шүүмжлэлд Эйлин Фэн Гугийн нэр ч мөн адил өнгөрсөн хоёр хоногийн турш олон удаа холбогдсон.
Эйлин Фэн Гугийн хувьд 2021 оны ДАШТ-д “SlopeStyle” болон “Halfpipe” төрлүүдэд түрүүлээд байсан ч олимпын аварга болсон “Big Air” төрөлдөө хүрэл медаль хүртээд байсан. Тэрээр ирэх өдрүүдэд өөрийн үндсэн төрлүүддээ оролцох ба алтан медалийнхаа тоог нэмэх бүрэн боломжтой. БНХАУ болон АНУ-ын иргэншлийг давхар эзэмшдэг тэрээр энэ тухайгаа “Би АНУ-д байх үедээ америк хүн, БНХАУ-д байх үедээ хятад хүн болж хувирдаг” гэж хэлж байсан. Эйлин Фэн Гу нь спортоос гадна загварын моделоор ажилдаг бөгөөд хичээлдээ нэлээд сайн түүний хувьд ирэх намраас Стэнфордын их сургуульд суралцахаар болсон гэнэ.
П.Тамир