"Бээжин 2022" өвлийн олимпын наадмын уран гулгалтын багийн төрлийн тэмцээн өндөрлөж өнөөдрөөс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөл эхэлж байна. Энэхүү төрөлд нийт 30 тамирчин бүртгүүлээд байсан боловч өчигдөрхөн багийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн АНУ-ын тамирчин Винсент Жоу коронавирусын халдвар авсан тул олимпын дүрмийн дагуу өөрийнхөө нэрийг татаж авсан байна.
Тэрээр энэхүү харамсалтай мэдээг өөрийн цахим хаягаараа дамжуулан бичлэг хэлбэрээр үзэгчдэдээ хүргэсэн. Энэ жил 21 настай Винсент Жоу нь 2019 оны ДАШТ-д эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн олимпын наадмын медалийн тааварт нэрлэгдэж байсан тамирчин юм.
Энэхүү харамсалтай явдал нь тэмцээнд оролцсон тамирчдаас коронавирусын халдвар илэрч буй анхны тохиолдол болж байна. Винсент Жоу хоёрдугаар сарын 6-нд багийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт гулгалтын төрөлд оролцож 171.44 оноогоор гуравдугаар байранд бичигдсэн. Тэрээр мөн Пёнчанын өвлийн олимпд 17 насандаа оролцож зургадугаар байранд шалгарсан бөгөөд олимпын наадмын түүхэн дэх анхны “Quadruple Lutz” гэх үсрэлтийг амжилттай гүйцэтгэж газардсан тамирчин болж байсан түүхтэй.
П.Тамир