Өвлийн XXIV дэх удаагийн олимпын наадам БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдаж өнөөдөр дөрөв дэх өдрийн тэмцээнүүд эхэллээ. Олимп зохион байгуулж байгаа эзэн орон эхний гурван өдрийн статистикаар хоёр алтан медаль хүртээд байгаа бөгөөд энэ хоёр медалийг шорт трекийн тамирчид нь авчраад байгаа билээ. Олимпын эхний өдөр шорт трекийн холимог багийн буухиа уралдаанд БНХАУ-ын шигшээ баг алтан медаль хүртсэнээр эзэн орон анхны алтаа зүүгээд байв.
Хагас шигшээ уралдаанд БНХАУ, ОХУ, АНУ, болон Унгарын шигшээ багууд нэг гараанд уралдаж, ОХУ болон АНУ-ын багуудыг уралдааны явцад алдаа гаргасан гэж шүүгчид үзсэн. Улмаар хоёрдугаар байранд ороод байсан АНУ-ын баг хасагдаж гуравдугаар байранд орсон БНХАУ-ын шигшээ багт финалын уралдаанд шалгарах боломж үүссэн билээ. Уг үйл явдлын дараа Өмнөд Солонгосын шорт трекийн тамирчин ДАШТ-ий долоон алт, Ванкуверийн олимпын мөнгөн медальт Квак Юн Ги шүүгчдийн шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаагаа олон нийтэд зарласан.
Квак Юн Ги,“Багийн холимог буухиа уралдааныг олон давтаж үзлээ. Алдаа гаргасан АНУ болон ОХУ-ын баг тамирчныг хасах шийдвэр зөв байсан. Гэхдээ дан ганц энэ хоёр улсын баг биш БНХАУ-ын баг ч мөн хасагдах ёстой байсан. Тэд ч бас алдаа гаргасан. Олимп БНХАУ-аас өөр газар болж байсан бол энэ гурван баг гурвуул тэмцээнээс хасагдаж, Унгарын баг л финалд шалгарах байсан. Тэмцээнийг надтай хамт үзсэн Нидерландын тамирчин ч надтай санал нэг байгаагаа хэлсэн. Эзэн орны багийг илт дэмжиж шүүж байгаа шүүгчидтэй тэмцээнд шигшээ багийн дүү нараа оролцохыг хажуунаас нь хараад сууж байх харамсалтай байна. Алтан медаль гэдэг шүүгчдийн дэмжлэгээр хүртдэг зүйл биш” хэмээжээ. Харин Олон улсын тэшүүрийн холбооноос түүний уг мэдэгдэлд хараахан хариу өгөөгүй байгаа юм. АНУ-ын ахлах дасгалжуулагч Стивен Гоу ч мөн БНХАУ-ын шигшээ баг тэдний адил тэмцээнээс хасагдах ёстой байсан гэж мэдэгдээд буй.
Тэгвэл ийм шүүмжлэл дунд шорт трекийн буухиа тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа БНХАУ-ын шорт трекийн тамирчид өчигдөр эрэгтэйчүүдийн 1000 метрийн ганцаарчилсан төрөлд өнгөлж, алт, мөнгөн медалийг хүртээд байгаа. Гэсэн ч эрэгтэйчүүдийн 1000 метрийн шорт трекийн уралдаан шүүлтийн маргааныг мөн л дагуулж байна. Энэхүү төрлийн хагас шигшээ уралдаанд олимп дэлхийн рекордыг эзэмшигч Өмнөд Солонгосын Хван Дэ Хон БНХАУ-ын хоёр тамирчидтай нэг гараанд гарч уралдан түрүүлсэн ч, өрсөлдөгчийг гүйцэх явцдаа хөдөлгөөнд нь хүндрэл учруулсан гэх шалтгаанаар хасагдсан. Энэхүү шүүлт нь мөн л маргаан дагуулж байгаа бөгөөд БНХАУ-ын тамирчин Ли Веньлонг ч мөн уралдааны замд Хван Дэ Хоны биед олон удаа хүрч, хөдөлгөөнд нь саад болсон хэдий ч тэмцээнээс хасагдалгүй финалын шатанд шалгарсан гэдгийг спорт сонирхогчид, тамирчид хэлж байгаа. Хван Дэ Хоны адил хасагдах ёстой байсан гэгдээд байгаа БНХАУ-ын тамирчин Ли Веньлонг шорт трекийн 1000 метрийн зайд мөнгөн медаль хүртээд байгаа юм.
П.Тамир
Сэтгэгдэл (2)