Өвлийн XXIV дахь олимпын наадмын гурав дахь өдрийн тэмцээн уралдаанууд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Өнөөдөр шорт трекийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 500 метр болон эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 1,000 метрийн уралдаанууд тус тус зохиогдож олимпын медальтнуудаа тодрууллаа.
Эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд Итали улсын тамирчин Арианна Фонтана түрүүлж олимпоос 10 дахь медалиа (2 алт, 3 мөнгө, 5 хүрэл) хүртлээ. Анх 2006 оны Турины олимпд 3,000 метрийн буухиа уралдаанд 15 насандаа оролцож хүрэл медаль хүртэж байсан түүний хувьд Бээжингийн олимпын дараа зодог тайлж буйгаа зарлаад байсан. Тэрээр өөрийнхөө үндсэн төрөл болох 500 метрийн ганцаарчилсан төрөлд 2010 онд хүрэл, 2014 онд мөнгө, 2018 онд алтан медалийг хүртээд байсан бол 2022 онд аваргаа хамгаалж дахин түрүүллээ.
Харин тэмцээний хоёрдугаар байранд хэсгийн шатны уралдаанд олимпын дээд амжилтыг тогтоогоод байсан Нидерландын Сюзанне Схюлтинг, гуравдугаар барианд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Канадын Ким Боутин нарын тамирчид тус тус орсон. Ийнхүү эмэгтэйчүүдийн шорт трекийн 500 метрийн төрөлд дэлхийн шилдэг гурван тамирчид медальт байруудыг хувааж авлаа. Мөн Арианна Фонтаногийн медаль нь Итали улсын Бээжингийн олимпоос авч буй анхны алтан медаль нь юм.
П.Тамир