"Бээжин 2022" өвлийн олимпын наадмын хүрээнд өнөөдөр болж өндөрлөсөн эрэгтэйчүүдийн “Snowboard Slopestyle” төрөлд Канадын тамирчин Mакс Парро амжилттай оролцож түрүүлсэн. Энэхүү төрөлдөө 2018 оны Пёнчанын олимпд мөнгөн медаль хүртэж байсан түүний хувьд финалын шатны хоёр дахь үзүүлбэрээрээ 90.96 оноог шүүгчдээс авснаар өвлийн олимпын аварга болсон.
Макс Паррогийн хувьд Пёнчанын олимпоос мөнгөн медаль авсныхаа дараа 2018 оны сүүлээр тунгалгийн булчирхайн хорт хавдраар өвчилсөн гэдгээ мэдсэн. Улмаар жил хагасын хугацаанд нийт 12 курс химийн эмчилгээнд хамрагдсаны эцэст 2019 он зургадугаар сард түүний хорт хавдар бүрэн эдгэсэн байна.
Алтан медаль хүртсэнийхээ дараа тэрбээр, “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үнэхээр олон зүйлс болж өнгөрлөө. Олимпын медальтан болсныхоо дараа хорт хавдраар өвчилсөн гэдгээ сонсох яг л хар дарсан зүүд мэт санагдсан. Хорт хавдрыг ялан дийлээд буцаад спортоороо хичээллэж эхлэх үед мөн л хэцүү байсан. Надад ямар ч эрч хүч, мөн булчин байгаагүй. Би бүгдийг доороос дахин эхлэх ёстой болсон. Гэхдээ өнөөдөр би олимпын медалийн тавцанд дахин нэг удаа зогсож байна. Бүр алтан медалийн эзэн болоод шүү дээ” хэмээжээ.
Snowboard Slopestyle төрөлд Макс Паррогийн араас БНХАУ-ын 17 настай залуу тамирчин Емин Су 88.7 оноотойгоор хоёрдугаар байранд, нутаг нэгт тамирчин болох Канадын Марк МкМоррис 88.53 оноотой гуравдугаар байранд тус тус бичигдэж медалийн эзэд болсон. Харин Пёнчанын олимпын аварга АНУ-ын Редмон Жерард 83.25 оноотойгоор дөрөвдүгээр байранд шалгарсан.
Ийнхүү хорт хавдрыг даван туулж олимпын аварга болсон Макс Парро нь энэ жил 28 нас хүрэх бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэрээр 2026 оны олимпд медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломж байгаа гэнэ.
П.Тамир