"Бээжин 2022" өвлийн олимпын эхний өдрүүдийн турш үргэлжилсэн уран гулгалтын багийн төрөл өндөрлөж шагналт байранд орсон баг тамирчдын нэрс тодорлоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт гулгалт, холимог хосын чөлөөт гулгалт, чөлөөт бүжиг, болон эмэгтэйчүүдийн чөлөөт гулгалтын төрлүүдийн нийлбэр дүнгээр уг төрлийн аваргууд тодордог бөгөөд нийт 74 оноотойгоор Оросын олимпын хорооны баг тамирчид тэргүүлэн олимпын аваргууд боллоо.
Харин хоёрдугаар байранд АНУ-ын баг тамирчид 65 оноотой, гуравдугаар байранд Япон улсын уран гулгагчид 63 оноотойгоор тус тус шалгаран олимпын медальтнууд болсон. Энэхүү төрөлд аваргалснаар Оросын олимпын хорооны баг тамирчид нийт хоёр алтан медальтай болж Норвеги улсыг гүйцэж медалийн тоо болон чанараараа бүх улсыг тэргүүлж эхэллээ. Уг багийн төрөлд ОХУ-ын залуу тамирчин Камила Валиева болон АНУ-ын хос Чок Мэдисон, Бэйтс Эван нарын тамирчид гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлсэн. Камила Валиева энэ төрөлд дөрвөлсөн сальхов, гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп гүйцэтгэж, олимпын наадамд дөрвөлсөн үсрэлт хийсэн анхны эмэгтэй гулгагч болсон юм.
П.Тамир
Сэтгэгдэл (1)