Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын араас паралимп эхэлдэг уламжлалтай. Энэ жилийн өвлийн паралимп гуравдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ. Манай улсын хувьд паралимпын гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд оролцох эрхээ аваад буй. Тэгвэл “Бээжин 2022” өвлийн паралимпод Монгол гаралтай бүсгүй АНУ-ыг төлөөлөн багийн тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцох юм байна. Түүнийг Уранчимэгийн Бат-Оюун гэдэг бөгөөд 1973 онд Монгол Улсад төржээ. 22 жилийн өмнө АНУ руу найзыгаа эргэх зорилгоор очсон ч зам тээврийн осолд орсноор бэлхүүснээс доош саажилттай болсноор АНУ-д үлдэж тус улсын иргэншлийг авсан юм байна.
Түүнд тохиолдсон ослын тухай У.Бат-Оюун: “Надад тохиолдсон зүйлд би харамсдаггүй. Бид бүхэн өөр өөрсдийн гэсэн хувь заяатай гэдэгт би итгэдэг. Нэгэн зэрэг хоёр өөр замаар явах боломжгүй тул өөрт заяагдсан амьдралыг сэтгэл өөдрөг хүлээн авч хамгийн сайнаараа хичээх ёстой. Хэрвээ би эрүүл саруул байсан бол одоогийн өөр шигээ хүмүүсийг хараад тэд яаж ийм байдалтай амьдардаг байна? гэж гайхах байсан байх. Гэвч би өөрөө уг нөхцөл байдалд орсноор энэхүү хүнд хэцүүг даван туулахаас өөр арга зам надад үлдээгүй. Бидэнд хүчтэй байхаас өөр арга зам үлдээгүй үед л бид өөрсдийгөө хэр их хүчтэй гэдгээ ухаарна” гэж хэлжээ.
АНУ-д очихоосоо өмнө Монгол Улсдаа орчуулагчаар ажилладаг байсан түүнд тэрхүү осол түүнд АНУ-д үлдэх, тус улсын иргэншлийг авч эх орон минь гэж дуудах, цаашлаад паралимпын тамирчин болох боломжуудыг өөрт нь олгосон гэж хэлсэн байна.
Кёрлингийн спортоор зургаан жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн тэрээр 2021 оны ДАШТ-д амжилттай оролцож багийнхаа хамтаар дөрөвдүгээр байранд шалгарч, паралимпын эрхээ авсан. Түүний баг нийт таван гишүүнээс бүрддэг ба Бээжинг дан ганц олимпод оролцох бус медаль хүртэх зорилготой зорино.
У.Бат-Оюун Бээжингийн паралимпын дараа бэлтгэлээ үргэлжлүүлэн 2026 оны олимпод оролцох хүсэлтэй байгаа гэнэ. 2026 оны паралимпын хөтөлбөрт кёрлингийн холимог хосын төрөл нэмэгдэн орж ирснээр түүнд илүү их боломж олдож байгаа юм.
П.Мөнхтамир