Бээжин 2022 өвлийн олимпын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн хурдан тэшүүрийн 5,000 метрийн уралдаан амжилттай өндөрлөж медалийн эзэд тодорлоо. Уг төрөлд нийт 20 тамирчин оролцсон бөгөөд 2018 оны Пёнчанын олимпод Нидерландын тамирчин Свен Крамерын тогтоож байсан 6:09:76 гэх цагийн үзүүлэлт хоёр удаа шинэчлэгдлээ.
Эхний удаад Нидерландын тамирчин Руст Патрик 6:09:31 гэх амжилтыг үзүүлж тэмцээнийг тэргүүлж эхэлсэн ч хамгийн сүүлийн гараанд гарч уралдсан дэлхийн дээд амжилтыг (6:01:56) эзэмшигч Шведийн тамирчин Нильс Ван дер Пул 6:08:84 цагийн амжилтыг үзүүлснээр олимпын дээ амжилтыг шинэчлэн тогтоож олимпын аварга боллоо. Ингэснээр Нильс Ван дер Пул нь 5,000 метрийн төрөлд олимп болон дэлхийн рекордуудыг тус тус эзэмшиж эхэллээ. Түүний хувьд 2021 оны ДАШТ-нд 5,000 болон 10,000 метрийн төрөлд тус тус түрүүлээд байсан. Энэхүү алтан медаль нь Шведийн багийн хоёр дахь алтан медаль ба нийлбэр дүнгээр Норвеги улсын ард хоёрдугаар байранд бичигдэж эхэллээ.
П.Тамир