Олон Улсын Олимпын Хорооноос ОХУ-ын баг тамирчдыг хориотой бодис удаа дараалан хэрэглэсэн гэдгийг тогтоосноор эх орныхоо далбаан дор олимпын наадамд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хассан. Энэ цагаас хойш 2018 оны Пёнчан, 2020 оны Токио, 2022 оны Бээжингийн олимпын наадмуудад ОХУ-ын баг тамирчид эх орноо төлөөлөх боломжгүй явна. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 15км+15км-ын скиатлоны төрөлд ОХУ-ын тамирчид амжилттай уралдаж нэг, хоёрдугаар байруудыг эзэллээ.
Ингэснээр тэмцээний эхний өдөр нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан ОХУ-ын баг тамирчид Бээжин 2022 олимпын анхны алтан медалиа хүртэж байна. Энэ жил 25 настай ОХУ-ын Александр Болшунов 1:16:09 гэх цагийн амжилттайгаар тэмцээнийг тэргүүлсэн бол мөн 25 настай Денис Спицов тэргүүлэгчээс 1 минут 11 секундын дараа байранд орсон. Харин гуравдугаар байранд 2014 оны Сочигийн олимпын багийн уралдаан болон 2018 оны Пёнчанын олимпын 50км-ын сонгодог төрлүүдийн аварга Финландын Ливо Нишканен орсон.
Шинэхэн олимпын аварга Александр Болшуновын хувьд 2018 оны олимпын наадмаас гурван мөнгө нэг хүрэл медаль хүртэж байсан бол Денис Спицов 2018 онд хоёр мөнгө нэг хүрэл медаль хүртсэн амжилттай. Дөрвөн жилийн өмнөх 15км+15км-ын скиатлоны төрөлд Норвеги улсын тамирчид эхний гурван байрыг эзэлж Денис Спицов дөрөвдүгээр байранд шалгарч байсан удаатай.
П.Тамир