Өвлийн олимпын хамгийн олон үзэгчтэй, үзэсгэлэнт спортын төрөл болох уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэр (багийн төрөл) болон эрэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт гулгалтын төрлүүдийн урьдчилсан шатны гулгалтууд өнөөдөр болж өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын 15 настай залуу од Камила Валиева дэлхий нийтийг дахин нэг удаа гайхшрууллаа. Камила Валерьевна Валиева нь 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Казан хотод мэндэлсэн бөгөөд гурван наснаасаа тэшүүрээр гулгаж эхэлсэн. Өдгөө нийслэл Москвад амьдардаг, түүний өндөр нь 160 см.
Тэрбээр 2020 оны залуучуудын дэлхийн аварга, 2020 оны ОХУ-ын залуучуудын аварга, 2021 оны ОХУ-ын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2022 оны европын аварга, 2022 оны ОХУ-ын аварга гэх амжилтуудыг ганцаарчилсан төрөлд одоогийн байдлаар үзүүлсэн. Мөн эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр болон чөлөөт гулгалтын төрлүүдэд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Камила Валиева нь 250-, 260- болон 270- гэх онооны босгыг нэг улиралд давсан анхны эмэгтэй гулгагч бөгөөд богино гулгалтын төрөлд -90 онооны босгыг чөлөөт гулгалтын төрөлд -170, -180 гэх оноонд хүрсэн мөн л анхны эмэгтэй гулгагч юм.
Түүний хувьд эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд өнөөдөр 90.18 оноог авсан бол түүний араас бичигдэж буй Япон улсын тамирчин Хигүчи Вакаба 74.73 оноог аваад байна. Маргааш эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт гулгалтын төрлийн гулгалтууд явагдаж хоёр өдрийн нийлбэр дүнгээр эмэгтэйчүүдийн уран гулгалтын медалийн эзэд тодорно.
П.Тамир
Сэтгэгдэл (3)