XXIV дахь удаагийн өвлийн олимп БНХАУ-н нийслэл Бээжин хотод энэ цаг мөчид зохиогдож байгаа билээ. Тэгвэл тэмцээний эхний өдрийн медальтнууд өчигдөр тодорлоо. Эхний өдрийн дараах байдлаар нийт 13 улсын баг тамирчид медаль хүртсэн байгаа бол 2018 онд медалийн тоогоороо тэргүүлсэн Норвеги улс 2 алтан медальтайгаар 1-р байранд, Словени улс 1 алт 1 хүрэл медальтайгаар 2-р байранд, БНХАУ, Нидерланд, Швед гэх улсууд тус бүр нэг алтан медальтайгаар гуравдугаар байранд бичигдэж байна.
Тэгвэл тэмцээний эхний өдөр тохиолдсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэвэл
Нидерландын хурдан тэшүүрийн тамирчин Ирен Схаутен эмэгтэйчүүдийн 3,000 метрийн төрөлд түрүүлэхдээ 3:56:93 гэх цагийн амжилтаар олимпын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэрээр энэхүү төрөлдөө өмнө жилийн ДАШТ-д түрүүлээд байсан.
Эмэгтэйчүүдийн 7.5км+7.5км скиатлоны төрөлд Норвеги улсын тамирчин Тереза Йохауг түрүүлснээр Бээжин 2022 олимпын наадмын анхны алтан медалийг хүртсэн тамирчнаар тодорлоо. Энэ жил 33 настай түүний хувьд 2010 оны Ванкуверийн олимпд гүйлтийн цанын 4x5 км-н буухиа уралдаанд түрүүлж байсан туршлагатай.
Эмэгтэйчүүдийн шорт трекийн 5,000 метрийн төрөлд Нидерландын Сюзанне Схюлтинг хэсгийн шатны дөрөв дэх гараанд гарч уралдахдаа 42.379 гэх амжилттай барианд орсноор олимпын рекордыг эвдсэн. Энэхүү төрлийн медалийн эзэд хараахан тодроогүй байна.
Мөн шорт трекийн холимог буухиа төрөлд Нидерланд улсын баг тамирчид урьдчилсан шатны уралдаандаа олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байсан боловч хагас шигшээ уралдаанд багийн тамирчин унаснаар тэмцээнээс хасагдаж финалд шалгарах боломжгүй болсон. Харин дэлхийн дээд амжилтыг эзэмшигч БНСУ-н тамирчдын хувьд урьдчилсан шатанд мөн л багийн нэг тамирчин уралдааны явцад унаснаар тэмцээнээс хасагдсан. Ийнхүү дэлхийн шилдэг хоёр баг финалд шалгарах боломжгүй болсон. Энэхүү боломжийг зохион байгуулагч БНХАУ-н баг тамирчид ашиглаж энэ удаагийн олимпын анхны медалиа (алтан) БНХАУ шорт трекийн холимог буухиа төрөлд авсан.
П.Тамир