Английн алдарт Манчестер Юнайтед клубын 20 настай Англи жигүүрийн довтлогч Мэйсон Грийнвүүд найз охиныхоо биед халдсан байж болзошгүй тул Манчестер хотын цагдаагийн газарт хоригдож байгаа гэх мэдээг бид өмнө нь хүргэсэн.
Тэгвэл залуу хөлбөмбөгчний хэрэг улам хүндэрч байгаа бөгөөд цагдаагийн байгууллага түүнийг найз охиныхоо амь насанд халдсан байж болзошгүй хэмээн сэжиглэн мөрдлөгөө үргэлжлүүлэн явуулж байна. Ингэснээр Мэйсон Грийнвүүд ял авч шоронд хоригдох магадлал нь улам өслөө. Хэрэг аль нэг тийшээ шийдэгдтэл Мэйсон Грийнвүүд Манчестер Юнайтед клубтэйгээ нэгдэж багтай холбоотой ямар нэгэн арга хэмжээнд оролцох боломжгүй болсон. Түүний хувьд анх 2019 онд тус клубын хүүхдийн академиас нэгдүгээр баг руу дэвшиж дебүт тоглолтоо хийсэн цагаасаа хойш 88 тоглолтод 22 гоол оруулсан ба 2021 онд Манчестер Юнайтед клубтэй дөрвөн жилийн гэрээг хийгээд байсан.
Замнал нь ийнхүү гэрэлтэж явсан тоглогч өөрийн зан араншин, хувийн сахилга батаас болон ийм нөхцөл байдалд ороод байгаа нь туйлын харамсалтай. Мөн уг хэргийн дараа FIFA 22 тоглоом Мэйсон Грийнвүүдийн дүр төрхийг хассан бөгөөд Манчестер Юнайтед клубын бүрэлдэхүүнээс түүнийг олох боломжгүй болсон гэсэн үг юм.
П.Тамир