Сайжруулагч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны нэг хоёрын даваа нэгдүгээр сарын 31-нд, үлдсэн барилдаанууд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал найм даван түрүүлж онцгойрлоо.
Түүний хувьд бөхийн барилдааны нэгийн даваанд улсын начин Т.Дүгэрдоржийг, хоёрын даваанд улсын заан М.Өсөхбаярыг, гурвын даваанд тунаж цэргийн арслан Л.Отгонбаатарыг, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд тунаж улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, долоогийн даваанд улсын гарьд М.Бадарчийг, наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайханг тус тус давснаар аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны бөх боллоо. Мөн түүний хувьд оны өмнө зохион байгуулагдсан жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд +100кг жингийн төрөлд амжилттай барилдан түрүүлсэн.
Э.Мөнхжаргал нь 1996 оны тавдугаар сарын 31-нд төрсөн 2015 онд сумын начин, 2017 онд сумын заан, 2019 онд аймгийн заан цолуудыг тус тус хүртсэн. Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанаар цолоо ахиулах хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэг билээ.
П.Тамир