Сайжруулагч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны нэг хоёрын даваанууд өчигдөр зохиогдож өндөрлөсөн билээ. Тэгвэл хоёр давсан 64 бөх ам аван гурвын даваа эхлэхэд бэлэн болоод байна.
Гурвын даваанд бөхчүүдийн авсан сонирхолтой амуудыг танилцуулахад Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнэ өчигдөр хоёрын даваанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Ш.Пүрэвгарьдыг давсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаярыг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын начин Б.Батжаргал Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын залуу начин О.Мөнх-Эрдэнийг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул Бердимуратын Серик аймгийн хурц арслан О.Наранбаатарыг, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгоныг тус тус амлан авчээ.
Харин цэргийн арслан Л.Отгонбаатар, цэргийн арслан М.Лхагвагэрэл, аймгийн заан Э.Мөнхжаргал, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нарын дөрвөн бөхийг хэн ч амлалгүй хоорондоо тунан үлдэж нугарлаа.
П.Тамир