Нэгэн цагт Тоттенхэм клубын хагас хамгаалалтын амин сүнс байсан Данийн шигшээ багийн тоглогч Кристиан Эриксэнг хөлбөмбөг сонирхогчид сайн мэднэ.
Түүний хувьд Евро 2020 тэмцээнд Дани улсын шигшээ багийнхаа хамтаар оролцсон ч 2021 оны зургадугаар сарын 12-нд Финландын шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр түүний зүрх зогсож талбай дээр ухаан алдаж дэлхий нийтээрээ түүнд санаа зовниж байсан үе саяхан.
Тухайн үедээ Кристиан Эриксэн нь Италийн Интер Милан клубт харьяалагдаж байсан ч уг золгүй явдлын дараагаар тус багийн төлөө дахин талбайд гараагүй. Ийнхүү эх спортоосоо долоон сарын турш хөндий байсан ч Эриксэн мэргэжлийн тамирчны формоо хадгалж өөрт нь боломж олдох үед үргэлж бэлэн байхын тулд бэлтгэл сургуулилтаа тогтмол хийсээр ирсэн.
Харин өвлийн наймааны цонх хаагдах мөчтэй зэрэгцэн түүнд Английн Премьер лигийн Брентфорд клубын зүгээс санал илгэээж тэрээр хүлээж авсан тул хөгжөөн дэмжигч бид нар Кристиан Эриксэнг хөлбөмбөгийн талбай дээр дахин харах боломж бүрдлээ. Кристан Эриксэн нь Премьер лигт Тоттенхэм клубын төлөө нийт долоон улирал тоглосон туршлагатай нэгэн. Энэ жил 29 настай түүний хувьд Брентфорд клубын эрүүл мэндийн үзлэгийг асуудалгүй давсан бөгөөд хоёрдугаар сарын 10-нд Манчестер Ситигийн эсрэг талбайд гарах төлөвтэй байна. Түүний нэгдсэн Брентфорд клуб нь хүснэгтийн 14-р байранд бичигдэж байгаа.
П.Тамир