Та бидний сайн мэдэх Челси клуб болон Английн шигшээ багуудын домогт хагас хамгаалагч Фрэнк Лампард нь 2016 онд мэргэжлийн тамирчны замналаа өндөрлүүлэн дасгалжуулагчийн албанд шилжсэн. Тэгвэл Фрэнк Лампард 2018-2019 оны улиралд Английн Чемпионшип буюу дээрээсээ хоёр дахь лигийн багт ахлах дасгалжуулагчаар, 2019-2021 оны хооронд өөрийн төрөлх баг болох Челси клубын ахлах дасгалжуулагчаар тус тус ажилласан.
Тэгвэл Европын лигүүдийн өвлийн наймааны цонх хаагдах гэж буй энэ цаг мөчид Фрэнк Лампард Эвертон клубын ахлах дасгалжуулагчийн хувиар Прьемер лигтээ дахин нэг удаа ирж байна. Эвертон клубын одоогийн нөхцөл байдал нь тийм ч сайнгүй байгаа бөгөөд хүснэгтийн 16-р байранд (тоглолт дутуу хийсэн) жагсаж байна. Энэхүү байр нь тус багийн нэр хүнд болон нөөц бололцоотой нь харьцуулан үзэхэд маш муу үзүүлэлт юм.
Фрэнк Лампардыг Эвертон клубт удаан хугацаагаар ажиллаж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ба энэ улирлын хувьд тэрээр Эвертон клубыг Премьер лигт үлдээж аль болох олон байр ахиулах зорилготой ажиллана. Тэрээр ирснээсээ хойш хамгийн анхны наймаагаа хийсэн бөгөөд Манчестер Юнайтед клубээс Нидерланд хагас хамгаалагч Донни Ван Де Бийкийг улирал дуустал зээлээр аваад байна. Фрэнк Лампард Эвертон клубын төлөө анхны тоглолтдоо хоёрдугаар сарын 9-нд шинэ эзэнтэй болоод буй Ньюкасл Юнайтедын талбайд зочлон оролцоно. Харин Премьер лигийн 30-р тойрогт дөрөвдүгээр сарын 30-нд Челси клубын эсрэг нүүр тулах оноолттой байна.
П.Тамир
Сэтгэгдэл (1)