Европын хөлбөмбөгийн лигүүдийн өвлийн солилцоо наймааны цонх бүтэн сар нээлттэй байсны эцэст өнөөдөр хаагдлаа. Наймааны цонх хаагдах цаг мөчид хамгийн чухал наймаанууд хийгддэг нь бичигдээгүй хууль билээ. Харин энэхүү чухал өдөр хамгийн завгүй ажилласан багуудын нэг бол яах аргагүй Английн Премьер лигийн Тоттенхэм клуб байв. Тус клуб нь одоогийн байдлаар Премьер лигийн хүснэгтийн 7-р байранд бичигдэж (тоглолт дутуу) байгаа бөгөөд улирал дуусахад топ 4-т шалгаран үлдэж аваргуудын лигийн эрхийг авах зорилготой.
Тоттенхэм клуб Ювентус клубээс 24 настай Уругвай хагас хамгаалагч Родриго Бентанкурыг 15.9 сая еврогоор (тоглогчийн үзүүлэлтээс хамааран 5 саяын нэмэгдэл өгөх тохироотой) худалдан авч дөрвөн жилийн гэрээ хийсэн. Мөн түүнээс гадна 21 настай Швед хагас хамгаалагч (жигүүрт тоглодог) Деян Кулушевскиг 18 сарын хугацаатай 8.3 сая еврогоор зээлээр авсан. Зээлийн хугацаа дуусах үед нэмэлт 29.2 сая еврогоор залуу тоглогчийг худалдан авах боломжтой.
Ийнхүү Ювентус клубын хагас хамгаалагчдыг багтаа нэгтгэсэн тэд Франц хагас хамгаалагч Танги Ндомбелег өөрийнх нь төрөлх баг болох Францын Лион клуб руу улирал дуустал зээлээр явууллаа. Ийнхүү бүрэлдэхүүнээ зузаатгасан Тоттенхэм клуб Премьер лигийн үлдсэн 18 тоглолтууддаа хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх бизээ.
П.Тамир