Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар олимпын хүрэл, мөнгөн медальт О.Гүндэгмаагийн шинжилгээнд сэргээшийн төрлийн хориглосон бодис илэрсэн тухай Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболдын гарын үсэгтэй бичиг бий. 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрөөр огноолсон энэхүү бичигт буудлагын спортын тамирчин О.Гүндэгмаагийн “В” сорьцонд хийсэн шинжилгээ нь өмнөх шинэжилгээний адил Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтын S5 бүлэг дэх бодис илэрсэн гэдгийг дурдсан байдаг юм. Энэхүү бичгээс үзэхэд буудлагын спортын тамирчин О.Гүндэгмаа “А” сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй “В” сорьцыг дахин шинжлүүлэх хүсэлтийг гаргаснаар ХБНГУ-ын олон улсын итгэмжлэгдсэн лабораторид дахин “В” сорьцыг шинжлүүлсэн юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн энэхүү шинжилгээний сорьц нь ямар нэгэн тэмцээн уралдааны үеийнх биш, харин явцын сорил шинжилгээ байжээ. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон жагсаалтын S5 бүлэгт ацетазоламид буюу шээс хөөх эмүүд багтдаг юм.
Энэ талаар тодруулахаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаатай утсаар холбогдоход “Би наад бичгийн чинь талаар мэдэхгүй байна. Гарын үсэг зурсан хүнээс нь тодруулаарай” гэсэн хариу өглөө.
Б.Жаргал
Сэтгэгдэл (7)