Английн Манчестер Юнайтед клуб болон Английн шигшээ багийн 20 настай залуу довтлогч Мэйсон Грийнвүүд найз охин болох Харриет Робсон гэх бүсгүйд гар хүрч биед нь гэмтэл учруулсан гэх шалтгаанаар Манчетер хотын цагдаагийн газарт баривчлагдаад байна. Хохирогч эмэгтэй өөрийнхөө хүчирхийлэлд өртсөн бие болон царайны зургийг Мэйсон Грийнвүүдийн түүн рүү зандарч буй бичлэгийн хамтаар хэргийн нотлох баримт болгон цахим хаяг дээрээ хэсэг хугацаанд байршуулсан.
Хэдийгээр баталгаатай нотлох баримтууд биш боловч ихэнх хүмүүс хохирогчийн талд байгаа бөгөөд Грийнвүүд уг хэргийн тухай ямар нэгэн хариу мэдэгдэл одоо хүртэл үзүүлээгүй байна. Манчестер Юнайтед клубын зүгээс дараа дараагийн албан ёсны мэдэгдлүүд болон цагдаа шүүхийн шийдвэр гартал Мэйсон Грийнвүүдийг тоглолт, бэлтгэл гэх мэт клубтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд хамруулахгүй байх шийдвэрийг гаргаад байна.
Мөн тус клуб нь “Баттай баримтууд гарч иртэл бид шийдвэр гаргахгүй. Мөн бид ямар ч төрлийн хүчирхийллийг тэвчихгүй” хэмээн албан ёсоор мэдээлсэн. Үүнээс үзэхэд Грийнвүүд буруутайгаар тогтоогдвол хүүхэд байх үеэсээ академид нь зүтгэсээр ирсэн багийнхаа төлөө дахин тоглох боломж түүнд үлдэхгүй бололтой. Хэрвээ Мэйсон Грийнвүүд найз охиндоо хүч хэрэглэсэн гэдэг нь батлагдаж шоронд ял эдлэхээр болвол түүний гэрэлтэж байсан мэргэжлийн тамирчны замнал өндөрлөх магадлалтай. Түүнээс гадна Манчестер Юнайтед клубын лидер Кристиано Роналдо хэдхэн хоногийн өмнө багийн залуу тоглогчдын зан араншинд санаа зовниж буйгаа мэдэгдэж байсан билээ.
П.Тамир