Испанийн домогт теннисчин Рафаэль Надал өчигдөр Австралийн нээлттэй тэмцээний финалийн шатанд ОХУ-н теннисчин Даниил Медведевийг ялснаар 21 дэх Гранд Сламын түрүүгээ хүртлээ. 21 дэх түрүүгээ авснаар Рафаэль Надалын хувьд Швейцарийн теннисчин Рожер Федерер болон дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Новак Жокович нартай хамгийн олон удаа Гранд Сламд түрүүлсэн тамирчин гэх амжилтыг хуваалцахаа больж ганцаар эзэмшихээр боллоо.
Шигшээ тоглолтын эхий хоёр сетийг 2:6, 6:7 гэх харьцаагаар Медведев аваад байсан ч Испани теннисчин гайхамшигтай эргэн ирэлт хийн гуравдугаар сетийг 6:4, дөрөвдүгээр сетийг 6:4, тавдугаар сетийг 7:5 харьцаагаар авсанаар өрсөлдөгчөө буулган авсан. 25 настай Орос теннисчний хувьд форм сайтай байгаа бөгөөд оны өмнө зохиогдсон Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн билээ.
Ийнхүү Рафаэль Надал Австралийн нээлттэй тэмцээнээс хоёр дахь түрүүгээ хүртлээ. Өмнө нь 13 жилийн өмнө 22 настай залуухан Рафаэль Надал Австралид түрүүлж байжээ. Тэрээр энэхүү тэмцээний эхний тойрогт АНУ-н Маркос Гиронг 3:0, хоёрдугаар тойрогт Германийн Яанник Ханфманныг 3:0, гуравдугаар тойрогт Токио 2020 олимпын наадмын мөнгөн медальт ОХУ-н Карен Хачановыг 3:1, дөрөвдүгээр тойрогт Францийн Адриан Маннариног 3:0, шөвгийн наймд Канадын Денис Шаповаловыг 3:2, шөвгийн дөрөвт Италийн Маттео Берреттиниг 3:1, финалд ОХУ-н Даниил Медведевийг 3:2 харьцаагаар тус тус ялсаар 2022 оны анхны Гранд Сламын аваргаар тодорлоо.
П.Тамир