Сар шинийн барилдаанд зориулан хүчит 256 бөхийн барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Мөн тус барилдаан нь чансаа өндөр бөхчүүд бүгд барилдаж үзэгч олноо баясгадаг нэр хүндээрээ эрийн гурван наадмын хүчит бөхийн барилдааны дараа ордгоороо онцлог. Тэгвэл та бүхэнд сүүлийн арван жилийн их шөвөгт шалгаран үлдэж байсан бөхчүүдийг танилцуулъя. Бөхчүүдийн цолыг тухайн үед эзэмшиж байсан цолоор нь бичсэн болно.
2010 оны Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн сар шинийн барилдаанд цэргийн арслан Р.Санжаадамба түрүүлж, улсын даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэсэн. Их шөвөгт улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу нар үлдсэн.
2011 оны Илжиг хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэсэн. Харин их шөвөгт улсын начин А.Цацабшир болон аймгийн арслан Ж.Чулуунбат үлдсэн.
2012 оны Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар хоёр дахь жилдээ дараалан үзүүрлэсэн. Их шөвөгт улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Б.Сангисүрэн нар зургаа даван шалгаран үлдсэн.
2013 оны Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын аварга Г.Эрхамбаяр найм даван түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн. Мөн их шөвөгт улсын арслан Д.Ганхуяг болон улсын начин Б.Пүрэвсайхан нарын бөхчүүд үлдсэн.
2014 оны Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд уулсын гарьд Д.Рагчаа түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэсэн. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар үлдсэн.
2015 оны Галзууруулагч хэмээх модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн. Харин их шөвгийн дөрөвт улсын арслан Н.Батсуурь, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар үлдсэн.
2016 оны Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн. Мөн их шөвөгт улсын харцага Н.Батзаяа болон улсын начин Т.Баасанхүү нар шалгаран үлдсэн.
2017 оны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэжээ.
Их шөвгийн дөрөвт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж нарын бөхчүүд үлдсэн.
2018 оны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн. Их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж нар үлдсэн.
2019 оны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн. Тэгвэл их шөвөгт улсын аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат нар үлдсэн.
Харин 2020 болон 2021 онуудад коронавирусын халдвараас шалтгаалан цагаан сарын барилдаан зохиогдоогүй. Ийнхүү хоёр жил өнжсний дараа Усан барс жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдахаар болоод байна.
Сүүлийн арван жилийн үзүүлэлтийг харвал өндөр цолтой бөхчүүдээс улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага О.Хангай, улсын даян аварга Н.Батсуурь, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан нарын бөхчүүд сар шинийн хүндэтгэлийн барилдаанд түрүү хүртэж үзээгүй байна.
Мөн улсын арслан Э.Оюунболд их шөвөгт үлдэж үзээгүй гэх үзүүлэлт нь маш сонирхолтой. Харин улсын аварга Ч.Санжаадамба сүүлийн арван жилийн хугацаанд гурван өөр цолтойгоор гурван удаа сар шинийнхээ барилдаанд түрүүлж хоёр удаа их шөвөгт үлдсэн гэх амжилт нь түүнийг энэхүү барилдаанд маш сайн барилддаг гэдгийг харуулж байна.
П.Тамир
Сэтгэгдэл (4)