АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лигийн түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг болох Том Брэди 22 жилийн турш үргэлжилсэн NFL-ын замналаа өндөрлүүлж зодог тайлж байгаа хэмээх мэдээ тус улсын хамгийн том спортын мэдээний эх сурвалж болох ESPN дээр өчигдөр нийтлэгдсэн. Уг мэдээ гарсны дараа дэлхий даяар Том Брэдид тамирчны замналаа өндөрлүүлж буйд нь харамсаж байгаа ч цаашдын амьдралд нь аз жаргал хүсэж байсан. Гэвч тус мэдээ тун удалгүй устгагдсан бөгөөд Том Брэдигийн агент Дон
Еэ “Энэ мэдээг батлах цор ганц хүн нь Том Брэди өөрөө. Тэр л өөрийнхөө ирээдүйг маш тодорхой мэдэж байгаа” гэжээ. Ийм тул Том Брэди хараахан зодог тайлахаар шийдээгүй аль эсвэл бодлоо өөрчилсөн гэж бусад спортын эх сурвалжууд үзэж байна.
Өдгөө 44 настай түүний хувьд нийт долоон удаа Супер Бовлд ялсан бөгөөд таван удаад нь Супер Бовлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан. Мөн гурван удаагийн NFL-ын улирлын шилдэг тоглогч ба түүний гэрээнд дахин нэг жил тоглох заалт байгаа юм. Замналынхаа ихэнх хэсгийг (20 улирал) Нью-Ингленд Пэтриотс багийн төлөө хүчин зүтгэж зургаан удаа Супер Бовлын эзэн болсон бол 2020 оноос эхлэн Тампа-Бэй Бакканирсын нэрийн өмнөөс тоглох болж өмнө улиралд долоо дахь удаагаа Супер Бовлд багийнхаа хамт ялсан. Супер Бовлыг лигийн финалын тоглолт гэж ойлгож болно.
Хэрэв тэрээр зодог тайлах нь үнэн бол эрүүл мэндийн шалтгаан болон гэр бүлдээ зарцуулах цагаа ихэсгэх гэсэн шалтгаанууд байж болох юм. Түүнийг зодог тайлж байгааг зарласан ESPN-ий мэдээг орчуулбал “Долоон Супер Бовлын бөгж, таван удаагийн Супер Бовлын үнэ цэнэтэй тоглогч, лигийн гурван удаагийн үнэ цэнэтэй тоглогч, хорин хоёр гайхалтай улирал. Энэ бүгдэд чинь баярлалаа Том Брэди” гэсэн байжээ.
П.Тамир