Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх 1963 онд болж байжээ. Анхдугаар барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, аварга Ч.Бээжин үзүүрлэж байв.
Энэ барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон (13) түрүүлсэн бол дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат (6) түрүүлснээр удаалдаг. Цагаан сарын барилдаан 56 удаа болоход улсын цолгүй хоёр бөх түрүүлсэн нь аварга Ч.Санжаадамба, харцага Ш.Мөнгөнбаатар нар юм.
Харин аймгийн цолтой бөх үзүүрлэсэн гурван тохиолдол байдаг нь улсын арслан Б.Ганбат (1998), заан Ц.Магалжав (2000), харцага О.Хангай (2014, 2017) нар билээ.
Тэгвэл айлчлан ирж буй Бар жилийн барилдаан дөрвөн удаа болоход аварга цолтой гурав, цэргийн арслан цолтой нэг бөх түрүү хүртэж байв.
Тэр нь 1974 онд дархан аварга Х.Баянмөнх, 1986 онд дархан аварга Д.Цэрэнтогтох, 1998 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 2010 онд аварга Ч.Санжаадамба (цэргийн арслан цолтой байв) түрүүлж байсан байна. Цагаан сарын барилдааны 22 түрүү тухайн жилийнхээ Улсын баяр наадамд түрүүлсэн удаатай.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)