Энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд “FIFA World Cup” буюу дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад зохиогдоно. Тус тэмцээн нь дэлхийн тив бүрийн төлөөлөл болсон шилдэг 32 шигшээ багийн дунд зохион байгуулагддаг бөгөөд одоогийн байдлаар 14 баг Катар улсыг зорих эрхээ аваад байна. Тэднийг нэрлэвэл:
Катар (эзэн орон), Герман, Дани, Франц, Бельги, Хорват, Испани, Серби, Англи, Швейцар, Нидерланд (тус бүр европын бүсийн сонгон шалгаруулалтын хэсгийн аваргууд), Бразил, Аргентин (Өмнөд Америкийн бүсээс эрхээ аваад буй орнууд), болон Иран улсын шигшээ багууд юм. Иран улсын хувьд өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-нд Ази тивийн сонгон шалгаруулалтын эцсийн шатны А хэсгийн 7 дахь тоглолтоо Ирак улсын шигшээ багийн эсрэг хийж 1:0 харьцаатайгаар ялалт байгуулснаар ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Одоогоор эрхийн төлөөх тоглолтууд дуусахад 3 тойрог дутуу байгаа ч Иран улс тэдгээр тоглолтуудад ялагдал хүлээсэн ч хэсгийн эхний 2 байранд орох эрхээ баталгаажуулсан гэсэн үг юм. Иран улс нь урьд өмнө нь ДАШТ-д нийт 5 удаа оролцож байсан ч хэсгээсээ шалгарч хараахан үзээгүй.
Харин тэдний хамтаар Өмнөд Солонгосын шигшээ баг хоёрдугаар сарын 1-ний өдөр Катар улсыг зорих эрхээ баталгаажуулах өндөр магадлалтай байна. B хэсгийн нөхцөл байдлын хувьд Япон, Австрали, болон Саудын Араб гэсэн гурван шигшээ багууд оноо ойролцоо байгаа бөгөөд эдгээр улсуудын хоёр нь ДАШТ-г шууд зорих эрхийг авч үлдсэн нэг нь нэмэлт тоглолт хийх өндөр магадлалтай.
П.Тамир