2008-2016 онуудын хооронд NBA-д тоглосон лигийн хоёр удаагийн аварга (2012, 2013) Марио Чалмерсыг Монголын Дээд Лигт хүрэлцэн ирж “IHC Apes” багийн нэрийн өмнөөс тоглоно гэх мэдээлэл өчигдөр нэлээд тархсан. Марио Чалмерсын хувьд Канзасын их сургуулийн нэрийн өмнөөс NCAA-д амжилттай тоглож 2008 оны драфтын 2-р тойргийн 34 дэх сонголтоор “Миннесота Тимберволвес” баг түүнийг сонгосноор NBA-ын нэг хэсэг болсон. Тус цагаас хойш “Майами Хит” баг руу солигдож тэндээ 7 улирлыг үдэхдээ лигийн их гурвалын хамт тоглож NBA-ын хоёр ч удаагийн аварга болоод амжсан.
2016 оны гуравдугаар сард “Мемфис Гриззлес” багт хүчин зүтгэж байхдаа баруун хөлийнхөө Ахиллесийн шөрмөсийг харамсалтайгаар урснаар замнал нь уруудсан. Түүний хувьд хамгийн сүүлд 2018 оны дөрөвдүгээр сарын 11-нд NBA-д тоглосон билээ. Тус цагаас хойш Итали, Пуэрто Рикo улсуудын лигүүдэд болон АНУ-ын G-League-т тоглосоор өдийг хүрээд байв.
Түүний хувьд Монголын дээд лигт ирж тоглох нь дүрэм журмын хувьд ямар ч асуудалгүй бөгөөд Плей-Офф-д шалгарсан багууд багийн үндсэн бүрэлдэхүүн дээрээ хоёр гаднын тамирчдыг нэмж тоглуулах боломжтой. “IHC Apes” багийн хувьд 5-5 гэх амжилттайгаар хүснэгтийн 8 дугаарт бичигдэж байгаа. Плей-Офф-д шалгарахаар болсон багууд гадаад тоглогчдоо зарлаад эхэлсэн энэ үед “IHC Apes” баг легионер тоглогчоо хаархан олонд зарлаагүй байгаа юм. Хэрэв Марио Чалмерс Монголын лигт ирж тоглох өчигдрийн шум үнэн бол энэхүү үйл явдал нь манай улсын зөвхөн сагсанбөмбөгийн бус нийт спортын салбарын хөгжилд том нөлөө үзүүлэх нь мэдээж билээ.
П.Тамир