Африк тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 9-ний өдөр Камерун улсад эхэлсэн. Уг тэмцээнд нийт 24 улсын шигшээ багууд өрсөлдсөн бөгөөд одоогийн байдлаар хэсгийн шатны тоглолтууд болон хасагдах шатны эхний тоглолтууд өндөрлөж шилдэг найман баг тодроод байна. Тус шигшээ багуудын хоорондоо оноолт таарсан байдлыг танилцуулбал:
Гамби-Камерун,
Египет-Марокко
Буркина Фасо-Тунис,
Сенегал-Экваторын Гвиней гэж таарчээ.
Тэмцээнийг Камерун улсын довтлогч Винцент Абоубакар зургаан гоол оруулсан амжилттайгаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Мөн Гамби улсын шигшээ баг африкийн цомд анх удаагаа оролцож байгаа хэдий ч шигшээ наймт үлдэж түүхэн амжилт одоогоор тогтоогоод байна. Эдгээр шигшээ багуудад бидний сайн танил болсон Ливерпүүл клубын Мохамед Салах (Египет), Садио Мане (Сенегал), ПСЖ клубын Ашраф Хакими (Марокко), Идрисса Гейе (Сенегал), Наполи клубын Калиду Кулибали (Сенегал), Челси клубын хаалгач Эдуард Менди (Сенегал) нарын тоглогчид хүчин зүтгэж байгаа.
Шигшээ наймт үлдсэн багуудаас Египетийн шигшээ баг хамгийн олон буюу долоон удаа Африкийн цомд түрүүүлсэн амжилттайгаар тэргүүлдэг бол Камеруны шигшээ баг таван удаа түрүүлсэн амжилттайгаар удаалдаг. Харин энэ жил хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй тус тэмцээнд ирсэн Сенегалийн шигшээ баг урьд өмнө нь энэхүү тэмцээнд түрүүлж үзээгүй. Шилдэг 4 багт үлдэхийн төлөөх тоглолтууд нэгдүгээр сарын 30-наас явагдаж эхэлнэ.
П.Тамир