Хацар хайрсан шавар тасхийсэн дөрвөн ес. Харзлан урсах голын тохой дахь усны шувуу. Утаат Улаанбаатарт минь хоргоддог ямар гээчийн учрал бол доо хөөрхий гэх хөндүүр ч юм шиг, хөөрүү ч юм шиг бодол намайг “Нийслэлд өвөлждөг шувууд” гэх хайлт хийхэд хүргэв...
Манай улсын нийт төрөл зүйлийн шувуудын 80 хувь нь нүүдлийн шувууд. Харин тэдний 25 хувь нь л өвлийн жаварт дасан зохицон өвөлждөг ажээ. Гэхдээ эдгээрээс өвөлждөг усны шувуу нь хуруу дарам цөөн. Ихэнхдээ урт холын аяныг даахгүй учир өвлийн жаврыг сөрөн үзэхээр үлддэг байна. Хамгийн анх 2016 онд Нийслэлийн байгаль орчны газар, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтран Улаанбаатарт өвөлждөг шувуудыг тоолж, төрөл зүйлээр нь ангилан гаргасан судалгааг хийж байжээ. Энэ ажил лав 2018 он хүртэл үргэлжилсэн байна. Энэ жилүүдийн ажиглалтаар нийслэлийн ногоон бүс болон суурьшлын бүсүүдээр зэрлэг нугас, хумхин бохио, хондон ангир, алаг шунгаач, начин шонхор, нөмрөг тас, бүргэд зэрэг 30 гаруй зүйлийн 8000 орчим шувууд тоологдож байжээ. Хондон ангир, зэрлэг нугас зэрэг усны шувууд нь Нийслэлд голын харзладаг хэсэгт өвөлждөг бол манай орны зэгс, шагшуур ихтэй Хар-Ус нуур зэрэгт усны шувууд өвөлжих нь бий...
Хацар хайрсан жавар цаашилж, цас ханзрах ч ойрхон байна даа. Харзлан урсах голын тохойд нутагласан шувуудыг хачин сайхан хавар угтах болтугай. Хавар айсуй.
Б.Уугансүх