Монголын сагсанбөмбөгийн Дээд Лигийн ээлжит нэгэн улирлын тоглолт өчигдөр аваргаа хамгаалж буй "Алдар Танан Гарьд" болон "IHC Apes" багуудын хооронд өрнөж "Алдар Танан Гарьд" баг 102:98 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч улирлыг 9-1 гэх амжилттайгаар тэргүүлсээр байна. Тус тоглолтод Б.Мөнхболд арван удаа холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэн 33 оноо авч багаа тэргүүлсэн бол О.Эрдэнэцогт 24 оноо, 16 самбараас бөмбөг авалт, 13 оновчтой дамжуулалт буюу трипл дабл үзүүлж багтаа том тус хүргэсэн.
Харин тус тоглолтын дараа "IHC Apes" багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хаягаараа тоглолтын дараах сэтгэгдэл болон цаашдын зорилгынхоо дараа олон нийтэд хуваалцжээ. Тэрээр тоглолтын дараа “Манай багийн 50-60 хувь нь шинээр бүрэлдэхүүндээ нэгдсэн шинэ баг. Одооноос хоорондоо ойлголцож аюултай тоглож эхэлж байна. Аварга багтай өнөөдөр маш сайн тоглолоо. Бараг хожсон тоглолт байсан гэдгийг та бүхэн харсан байх. Харин шүүгч нарт бага зэрэг асуудалтай мэт санагдлаа. Манай баг 8-р гараад Танан Гарьд нэгдүгээр гараад Плей-Оффын нэгдүгээр шатанд хоорондоо дахин тулах юм шиг байна. Бидэнд хоёр нууц зэвсэг байгаа (гадаад тоглогчид). Болгоомжтой байхгүй бол аваргуудыг эхний шатнаас мулталчхаж магадгүй л байх шүү!” хэмээжээ.
Харин IHC Apes багтай холбоотой ирээдүйнхээ зорилгын талаар “Би IHC Apes багийг заавал аварга болгоно. Нэг удаа ч бус дахин дахин аварга авахуулна. Аварга баг болгохын төлөө бүх талаар нь дэмжинэ. Энэ жил аварга авахгүй байж болох ч дараагийн улирал шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгээд аварга авахын төлөө өрсөлдөнө. Тоглогчдоо цалин мөнгө хангамжаар дутаахгүй зөвхөн спортдоо анхаарах бололцоог нь бүрэн хангаж өгнө. Бусад багийн эздүүд минь хичээгээрэй! Жинхэнэ өрсөлдөөн одоо л эхэлж байна шүү” гэсэн байна.
Монголын Дээд Лигийн тоглогчдын хувьд мэргэжлийн түвшинд сагсанбөмбөг тоглохын хажуугаар ажил хийж амьдралаа залгуулдаг. Ингэснээр гадны тамирчдын адилаар 100 хувь спортын замналдаа анхаарах боломж тэдэнд тэр бүр олддоггүй. Харин О.Мөнхжингийн хэлснээр уг асуудлыг тэрээр шийдэж монголын тамирчдыг улам илүү хөгжих үүд хаалгыг нь нээж өгөх бололтой. Хэрэв тэрээр хэлсэн амандаа хүрч чадвал үр дүн нь цор ганц IHC Apes багийн амжилтаар бус Дээд Лигийн бүх багийн шинэчлэлтээр, тоглогчдын түвшин ахисан тоглолтуудаар харагдах юм. Мөн тоглогчдыг зөвхөн спортдоо анхаарах боломжийг олгосноор монголын сагсанбөмбөг дэлхийн бусад улсын жишгээр хөгжиж эхлэх боломжтой.
П.Тамир
Сэтгэгдэл (1)