БАРИМТ 1
Украин улс нь Европ тивийн зүүн захад байрладаг Дэлхийн II дайны дараагаар Зөвлөлт Холбоот Улсын эрхшээлд орж нэг хэсэг нь болоод байсан улс юм. Тэд өөрсдийн тусгаар тогтнолоо 1991 онд Зөвлөлт Холбоот Улсын задралын үеэр зарласан.
БАРИМТ 2
Тус улсын газар нутгийн хэмжээ нь 603,628 хавтгай дөрвөлжин километр бөгөөд Европ тивдээ газаар нутгийн хэмжээгээрээ ОХУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг. Харин дэлхийд 45 дугаар байранд бичигддэг. Хөрш зэргэлдээх улсуудын хувьд хойд хэсгээрээ Беларусь, зүүн хойд хэсгээрээ ОХУ, баруун талаараа Польш, Словак, Унгар улсуудтай, урд хэсгээрээ Румын, Молдав, болон Хар тэнгистэй хиллэдэг.
БАРИМТ 3
Украины нийслэлийг Киев гэдэг бөгөөд тус хот нь 1400 жилийн настай. Тус хотын нэрийг өгөхдөө хотыг анх байгуулсан гэр бүлийн ууган хүүгийн Кеи гэх нэрнээс санаа авсан.
БАРИМТ 4
Хүн амын хувьд 41.3 сая бөгөөд тэдний 77.8 хувийг Украин, 17.3 хувийг Орос, үлдсэн 4.9 хувийг бусад үндэстнүүд бүрдүүлдэг. Мөн 87.3 хувь нь христийн шашинтай бол 11 хувь нь ямар нэгэн шашингүй. Үүнээс гадна 3 сая гаруй Украин үндэстэн ОХУ-д амьдардаг.
БАРИМТ 5
Украин улс нь хөгжиж буй орон ба хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 74 дүгээрт жагсдаг. Мөн ядуурал болон авилга ихтэй, Европ тивийн хамгийн ядуу улс.
БАРИМТ 6
Хэдийгээр Европ тивдээ ядуу улс боловч газар тариалангийн аж ахуй нь өндөр хөгжсөн бөгөөд үр тариа экспортлодог хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг. Мөн Украин улсын цэргийн хүч нь ОХУ, Францын ард Европ тивдээ гуравдугаар байранд жагсдаг.
БАРИМТ 7
Украин улсын төрийн далбаа нь бүдэг цэнхэр болон шар өнгөнөөс бүрддэг. Далбааны дээд хэсгийг бүрхдэг цэнхэр өнгө нь тэнгэрийг бэлгэддэг бол доод талыг бүрдүүлдэг шар өнгө нь тэнгэрийн доорх тариалангийн талбайг бэлгэддэг.
БАРИМТ 8
Украин улс нь нэгдмэл бүгд найрамдах болон хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс юм. Тус улсын Ерөнхийлөгч нь Владимир Зеленский бол Ерөнхий сайд нь Денис Шмыгаль. Владимир Зеленский нь хошин урлагийн жүжигчин байсан бөгөөд “Хэрвээ би Ерөнхийлөгч байсан бол?” гэх нэртэй цуврал киног Ерөнхийлөгчид нэр дэвшихийнхээ өмнөх хийж гол дүрд нь тоглож байсан. Улмаар тус кино нь их амжилтыг олсноор 2019 онд түүнийг сонгуульд нэр дэвшиж Украин улсын зургаа дахь ерөнхийлөгч болоход асар том нөлөө үзүүлсэн. Гэхдээ Владимир Зеленский нь их сургуульд хуулийн чиглэлээр сурч амжилттай төгсөж байсан боловсролтой нэгэн.
БАРИМТ 9
Улсын албан ёсны хэл нь Украин хэл хэдий ч Зөвлөлт Холбоот Улсын нэг хэсэг байсан тул хүн амын ихэнх хувь нь орос хэлээр төвөггүй ярьдаг. Мөн улсын зүүн хэсгийн мужуудаар иргэд өдөр тутамдаа ихэвчлэн орос хэлээр харилцдаг. Үүнтэй холбоотойгоор улсын зүүн болон баруун бүсэд амьдардаг хүмүүсийн амьдрах хэв маяг, үзэл бодол гэх зэрэг олон талаараа ялгаатай.
БАРИМТ 10
Хэрэв та хямд зардлаар Европ тив рүү аялахыг эрмэлзэж байгаа бол Украин улс таны нөхцөл байдалд хамгийн тохиромжтой улс юм. Учир нь тус улсын нийтийн тээвэр, хоол хүнс, болон зочид буудлууд Европын бусад орнуудтай харьцуулахад хамгийн хямд нь юм. Украин улсын мөнгөн тэмдэгтийг “Гривна” гэдэг ба 28.425 гривна нэг ам.доллартай тэнцдэг (өнөөдрийн байдлаар).
БАРИМТ 11
Украин улсын хамгийн өндөрлөг цэг нь Оверла гэх уул бөгөөд тус уул нь XIX зууны үеэс эхлэн жуулчдын хамгийн ихээр очдог газар байсан бол сүүлийн хэдэн жилийн туршид экстрем спорт сонирхогчид тус уулыг олноороо зорих болсон. Тус уул нь далайн түвшнээс дээш 2061 метрийн өндөрт оршдог ба Карпатын нуруунд оршдог.
БАРИМТ 12
Өмнө нь дурдсанчлан тус улсын нийтийн тээвэр нь бусад хөрш зэргэлдээх орнуудтай харьцуулахад нэлээд хямд. Түүнээс гадна нийтийн тээврийн систем нь үнэхээр сайн хөгжсөн бөгөөд бүх том хотуудын дундуур суудлын галт тэрэг тогтмол явдаг. Уг галт тэргүүдийн дундаж үнэ нь ойролцоогоор 1000 монгол төгрөг. Мөн Украин улсын нийслэл Киев хотод 105.5 метрийн гүнд оршдог дэлхийн хамгийн гүн дэх метроны буудал байдаг.
БАРИМТ 13
Украин улсын хоолны соёлтой танилцвал өөрсдийнхөө боловсруулан гаргаж авдаг тахиа, гахай, болон үхрийн мах, өндөг, мөөг загас, өндөг, олон төрлийн хүнсий ногоог иргэд өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг. Мөн хоолны ширээн дээрээ олон өөр төрлийн хоолнуудыг нэг дор засдаг уламжлалтай. Харин тус улсын хамгийн алдартай үндэсний хоол нь сармистай борщ шөл. Харин уух зүйлийн хувьд хорилка гэдэг чинжүүтэй архи юм. Тус архийг “Шатаж буй ус” хэмээн нэрлэдэг.
БАРИМТ 14
Цаг агаарын хувьд улсын баруун болон хойд хэсгээр сэрүүн зүүн болон урд хэсгээрээ харьцангуй дулаан уур амьсгалтай. Жилийн дундаж температур нь улсын хойд бүсээр Цельсийн нэмэх 5.5-7 градус байдаг бол урд бүсээр нэмэх 11-13 градус байдаг. Өвлийн улиралд огцом хүйтэрдэг бол зуны улиралд Цельсийн 17-25 градусын хооронд дундаж температуртай байдаг. Ерөнхийдөө манай улстай нэлээн төстэй уур амьсгалтай орон.
БАРИМТ 15
Трембита гэх нэртэй дэлхийн хамгийн урт хөгжмийн зэмсэг Украин улсаас гаралтай. Мөн өөр нэгэн сонирхолтой баримт хэлэхэд тус улсын иргэд хуримын бөгжийг дэлхийн бусад орны адилаар зүүн гартаа бус эсрэгээр нь баруун гарынхаа ядам хуруундаа зүүдэг.
БАРИМТ 16
Зөвлөлт Холбоот Улсынбүрэлдэхүүнд байсан бусад улсын адилаар Украин улсын хамгийн ихээр чухалчилдаг зүйлсийн нэг нь боловсрол бөгөөд нийт иргэдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 99.4 хувь. Энэ нь дэлхийд дөрөвт орох үзүүлэлт билээ. Анх 11 жилийн хугацаанд сурагчид бүрэн дунд боловсролыг эзэмшдэг байсан бол 2005 оноос хойш 12 жил болгон сунгасан. Мөн их дээд боловсрол эзэмшсэн иргэдийнхээ тоогоор Европт дөрөвдүгээр байранд жагсдаг.
БАРИМТ 17
Аялагчдын өгсөн судалгаагаар Киев хотын бүсгүйчүүд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэйгээр тооцогддог. Мөн согтууруулах ундааны хэрэглээгээрээ дэлхийд зургадугаар байранд эрэмбэлэгддэг.
БАРИМТ 18
Хүн амын дундаж наслалт нь 72.18 бөгөөд уг үзүүлэлт нь дэлхийн дундажтай ерөнхийтэй ижил. Харин эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 10 жил байдаг. Уг зөрүү нь эрэгтэй хүмүүс согтууруулах ундааг ихээр хэрэглэдэгтэй шууд холбоотой.
БАРИМТ 19
Зөвлөлт Холбоот Улсын чухалчилдаг байсан спортын уламжлал Украин улс тусдаа гарсны дараа ч олон төрлийн спортын хэрэглэл, цэнгэлдэх хүрээлэнгүүд, болон усан сангууд Украин улсын газар нутагт үлдсэн. Дэлхийн бусад улс орнуудын адилаар үндэсний хамгийн алдартай спорт нь хөлбөмбөг. Мөн Украин улсын хөлбөмбөгийн шигшээ баг нь дэлхийн аль ч улсын багтай тэнцүүхэн өрсөлдөх хүчтэй. Украин улсаас төрөн гарсан спортын хүндтэй эрхмүүдийг дурдвал алдарт хөлбөмбөгч 2004 оны Баллон’Дор шагналын эзэн Андрей Шевченко, шатрын дэлхийн аварга асан Руслан Пономариов, та бидний сайн таних жүдо бөхийн дэлхийн аваргууд Георгий Зантария болон Дариа Билодид нарыг нэрлэж болно.
БАРИМТ 20
Нэгэнт спортын тухай ярьсных дахин нэгэн сонирхолтой баримт дэлгэе. Украин улсын нийслэл хот болох Киев хотын дарга Виталий Кличко нь мэргэжлийн боксын хүнд жингийн аварга (түүний амжилт 45-2) байсан бөгөөд ДАШТ-ий мөнгөн медалийг хүртэж явсан нэгэн.
БАРИМТ 21
Хүн төрөлхтний түүхэн дэх анхны гэрэлт дэнлүү Украин улсын Львов хотод бүтээгдэж байсан. Мөн тус улсын төрийн дууллын нэр нь “Украин хараахан мөхөөгүй байна” гэсэн утгатай.
БАРИМТ 22
1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд тохиолдсон Чернобылийн цөмийн цахилгаан станцын осол нь Украин улсын түүхэнд тохиолдсон хамгийн хар бараан үйл явдлаар ямар ч эргэлзээгүй нэрлэгдэнэ. Уг осол нь мөн Зөвлөлт Холбоот Улсын таван жилийн дараа задарсан үйл явдлын гол шалтгаануудын нэг болсон. Мөн Украин улс нь цөмийн зэвсгээсээ татгалзсан дэлхийн хамгийн анхны улс. Тэд хамгийн сүүлийн цөмийн зэвсгээ 1996 онд задалж идэвхгүй болгосон.
БАРИМТ 23
Украин улс нь үнэхээр их харамсалтай түүхтэй дэлхийн том улсуудын нэг юм. Жишээлбэл Дэлхийн II дайны үеэр долоон Украин хүн болгоны нэг нь амь эрстсэн. Нийт долоон сая Украинчууд нас барсан гэсэн үг.
БАРИМТ 24
Украинчууд маш зочломтгой нөхөрсөг ард түмэн хэдий ч олон нийтийн газар барагтай л инээмсэглэдэггүй. Тэд олон нийтийн газар болон танихгүй хүмүүсийн хажууд энгийн үеэсээ илүү албан ёсны байхыг эрмэлздэг ард түмэн.
Сэтгэгдэл (1)