NBA-гийн энэ улиралд хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй багуудын нэг болох "Брүүклин Нетс" баг "Вашингтон Визардс" багийг талбай дээр нь 119-118 харьцаатай буулган авсан. Харин тус тоглолтын үеэр "Брүүклин Нетс" багийн туслах дасгалжуулагч Дэвид Вантерпүүл "Вашингтон Визардс" багийн тоглогчид хоорондоо бөмбөг дамжуулах үеэр талбайн хажуугаас бөмбөгийг тасалсан хэрэг гарсан. Тодруулбал уг үйл явдал тоглолт дуусахаас зургаан минутын өмнө түүний баг 109-103 харьцаагаар ялж явахад тохиолдсон.
Энэхүү үйлдлийнхээ төлөө Вантерпүүл 10000 америк доллараар торгуулсан бол "Брүүклин Нетс" баг 25000 америк доллараар торгуулжээ. Хамгийн сонирхолтой үйл явдал нь Вантерпүүл бөмбөг таслах үйл явдлыг шүүгчид анзаараагүй бөгөөд "Вашингтон Визардс" багт челленж ашиглах эрх байгаагүй тул бөмбөг "Брүүклин Нетс" багийн гарт шилжсэнээр тоглолт үргэлжилсэн.
П.Тамир