Бельги болон Англи эцэг эхтэй Зара Рутерфрорд гэх 19 настай охин 51,000км замыг туулж дэлхийг тойрох аяллаа дуусгалаа. Тэрээр таван сарын туршид онгоцоо өөрөө жолоодон ганцаараа хүнд хэцүү олон бэрхшээлийг туулсан. Зара Рутерфрорд нь багаасаа сансрын нисгэгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд анх 14 насандаа онгоц жолоодож сурчээ. Одоо ч түүний сансрын нисгэгч болох мөрөөдөл өөрчлөгдөөгүй гэнэ. Ийнхүү бага насандаа онгоц барьж эхлэхэд нь түүний эцэг эх хоёр нь хоёул онгоцны нисгэгч байсан нь хүчтэй нөлөөлсөн.
Анх түүний аялал гурван сар үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч визаны асуудал болон цаг уурын зарим бэрхшээлээс болж хоёр сараар удаан үргэлжилсэн. Калифорниагийн галт түймэр, Оросын хахир уур цаг агаар, Хойд Солонгосын агаарын хилээс холуур өнгөрөх гэх мэт бэрхшээлүүд түүнд аяллын туршид тохиолдсон. 8-р сарын 18-нд анх онгоцоо хөөргөснөөс хойш нийт таван тив, дөчин нэгэн улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрсөн аж. Аяллаа дуусгасныхаа дараагаар тэрээр “Би үүнийг дахиж хэзээ ч хийхгүй. Үнэхээр гайхалтай олон дурсамжийг би бүтээж чадсан ч түүнтэй адил айдастайгаа нүүр тулсан цаг үеүүд их байлаа” хэмээжээ. Харин аяллынхаа хамгийн дурсамжтай мөчүүдийг нь суухад “Нью Йорк хотын болон Исландын идэвхтэй галт уулын дээгүүр ниссэн мөчүүдэд би хамгийн их дуртай” гэж хариулсан байна.
Хамгийн залуудаа дэлхийг ганцаараа тойрсон эмэгтэй нисгэгч болохын тулд тэрээр Индонез улсын Жамби хот болон Колумб улсын Тумако гэх дэлхийн бөмбөрцгийн эсрэг талуудад байрладаг хотуудад газардсан. Аяллаа амжилттай дуусгаад газардсаных нь дараа түүнд Генисийн шагналыг гардуулан өгсөн бөгөөд 2017 онд 30 насандаа дэлхийг түүнтэй ижил тойрч байсан Шаеста Вайз гэх эмэгтэйн амжилтыг эвдэж байгаа юм. Харин эрэгтэй нисгэгчдийн хувьд 2018 онд Мейсон Эндрюс гэх Америк хүү хамгийн залуудаа буюу 18 насандаа дэлхийг ганцаараа тойрч байжээ.
П.Тамир