Дэлхий дахинд коронавирусын халдвараас шалтгаалж нэлээдгүй хугацаанд спортын уралдаан тэмцээнүүд зогссон. Тэгвэл тус үеэр маш хурдацтайгаар хөгжиж өдгөө мэргэжлийн спортын төрөлд зүй ёсоор үнэлэгдэж буй спорт бол и-спорт билээ. Үүнтэй холбоотойгоор и-спортын томоохон төрлүүдийн нэг болох PUBG Mobile-н Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэхэд бэлэн болоод байна. Өмнө жил Монгол улсаа төлөөлөн Арабын Нэгдсэн Эмират улсад Зевс И-Спорт баг тус төрөлд амжилттай оролцож дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байранд шалгарсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх.
Тус тэмцээнд нийт 16 баг оролцох бөгөөд Монгол улсыг төлөөлөн Сталварт И-Спортс өрсөлдөхөөр таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Сингапур улсыг зорьсон. Хэдийгээр Сингапур улсад баг тамирчид цуглах ёстой байсан ч коронавирусын тархалтаас шалтгаалж зарим улсын баг тамирчид эх орноосоо тэмцээндээ оролцохоор болжээ. Сталварт И-Спортс Багийн бүрэлдэхүүнд Г.Сүхбат (Action), Э.Өнөболд (Pika), A.Бүрэнбаяр (Top), Б.Бэлгүүтэй (Skryyy), Б.Жаргалсайхан (Senator) гэх тамирчид багтаж байгаа.
Тэмцээнд оролцож буй 16 багийг төлөөлөгч улсуудаар нь ангилбал БНХАУ-с хоёр (нэг баг нь өмнө жилийн дэлхийн аварга буюу Нова И-Спортс), Малайз улсаас хоёр, Турк улсаас гурав, Энэтхэг, Өмнөд Солонгос, Монгол, Тайланд, Вьетнам, ОХУ, Бразил, Чили, Ирак гэх улсуудаас тус тус нэг баг дэлхийн аваргад түрүүлж 1,500,000 америк долларын эзэн болохын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ. Тэмцээн гурван өдрийн турш (1.21-1.23) үргэлжилж 18 тоглолтын дараах нийлбэр дүнгээр дэлхийн аварга баг тодорно.
Эх орноо төлөөлөн оролцох Сталварт И-Спортс багийн тамирчиддаа амжилт хүсье.
П.Тамир
Сэтгэгдэл (2)