Одоогоос 20 жилийн өмнө гуравдугаар ангийн дөрвөн хүүхэд өвөлжөөн дотор тоглож байжээ. Гэнэт өвөлжөө цөмөрч, нуруу моднууд нь хүүхдүүдийн дээрээс унасан байна. Энэ үед И.Тэмүүлэн хамт тоглож байсан гурван хүүхдийг аврахын тулд гялс түлхээд өөрөө даруулсан гэнэ. Хэдийгээр гурван найзынхаа амийг аварсан ч өөрөө насан туршийн архаг хууч өвчинтэй болсноо тухайн даанч мэдсэнгүй.
Өвөлжөөнд даруулж хүнд хүнд гэмтэл авсны улмаас И.Тэмүүлэн бөөрний эмгэгтэй болжээ. Тэрбээр амьдрахын төлөө, өвчнөө эдгээхийн төлөө төдийгөөс өдий хүртэл 24 жилийн турш тэмцсээр өдий хүрсэн юм. Хүүгээ эдгээхийн тулд ээж нь өрөөсөн бөөрөө өгсөн ч тусыг эс олж, шинэ бөөр нь устжээ.
Энэ удаа Монголд эмчлэх боломжгүй болж БНСУ-ын эмнэлэгт хандахад “Мэс засалд орох боломжтой” гэсэн хариу ирсэн байна. Түүний эмчилгээний зардалд 300 сая вон шаардлагатай. Энэ их мөнгө байхгүй тул аргагүйн эрхэнд монгол түмнээсээ тусламж хүсэж байна.
Үүний сацуу тэд бусдаас зүгээр хандив гуйгаагүй. Хамаатан саднаараа нэгдээд хандивын аянд зориулан бууз хийж, үзэг бал, үсний боолт зэргийг борлуулж байгаа. Ар гэрийнхэн нь түүнд амьдрал бэлэглэхээр гурван төрлийн каллиграфийг худалдаанд гаргажээ. Ургийн мод, утга төгөлдөр үг бичсэн каллиграф сонгоод авч болно. Мөн нэр, хүссэн үгээ бичүүлээд авч болох аж. Уг худалдааны орлогыг цэвэр түүний эмчилгээний зардалд зарцуулах аж. Үүний сацуу И.Тэмүүлэн бөөрний архаг дутагдалд орж, цаашид бөөр орлуулах /гемодиализ/ эмчилгээ хийлгэх боломжгүй болсон тул эмчилгээний зардалд нь зориулан “Тэмүүлэнд амьдрал бэлэглэцгээе” хандивын аяныг түүний ойр дотнынхон эхлүүлжээ.
И.Тэмүүлэнгийн ээж Ж.Хишиг-Амгалан “Яаралтай мэс засал хийлгэхгүй бол хүүд минь дөрөвхөн сарын нас үлдсэн гэдгийг сонсоод энэхүү хандивын аяныг эхлүүлсэн. Түүнээс хойш нэг сар 27 хоног өнгөрөөд байна. Цаана нь хоёрхон сар үлдээд байгаа юм.
Элэг нэгт ахан дүүс минь бидэнд туслаач гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Бид өөрсдийнхөө хэмжээнд цуглуулаад байгаа боловч эмчилгээний зардал нь маш их. Олон түмнийхээ дэмийг авахгүй бол бидний хүч хаана нь хүрэхгүй, хугацаа давчуу байна.
Болдог бол үлдсэн нэг бөөрөө хүүдээ өгчихөөд өөрөө эмчилгээ хийлгээд явъя гэж эмч нарт хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Бидэнд донор бий. Даанч мөнгө нь алга.
Донор байгаа хэр нь яагаад Монголдоо эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхгүй байгаа юм бэ гэж асууж магадгүй. Хүү маань маш олон удаад хагалгаанд орсон. Ээжийнхээ бөөрийг буюу гаднын биет суулгуулсан болохоор хүүгийн маань биед эсрэг биет гэдэг зүйл үүссэн. Түүнийг нь шүүлгэхэд нэг удаагийн төлбөр нь хоёр сая төгрөг байдаг. Хүүгийн маань хувьд доод тал нь 10 удаа эсрэг биетээ шүүлгэхээр байгаа. Монгол эмч нар маань ингэж шүүлгээд эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгээд үзэх үү гэсэн. Гэвч үр дүнгийн тухайд баталгаатай хариу өгөөгүй. Арай гэж цуглуулсан хандивын мөнгөнөөс доод тал нь 20 сая төгрөг зарцуулаад хамгийн гол нь хугацаа алдсан зүйл болох вий гэж болгоомжилж байгаа учраас бид гаднын эмнэлгийг сонгосон юм.
Эмнэлгийн зүгээс эцсийн арга болох хиймэл судсыг хүүгийн маань зүрхэнд артер, венийн судасны уулзварт холбосон байгаа. Энэ нь 4-5 сар л хүний биед байх боломжтой. Энэ судасны үйл ажиллагаа зогсвол хүүгийн минь амьдрал зогсоно.
Тиймээс түмэн олон та бүхнээсээ тусламж гуйж байна.
60 мянган хүн тус бүр 10 мянган төгрөг хандивлахад хүүгийн минь амийг аврах юм.
Магадгүй та бүхэнтэй хаа нэгэн газар энэхүү хандивын аяны хүрээнд борлуулж байгаа зүйлс тааралдах байх. Тэгвэл худалдан авч, буяны үйлсэд нэгдээрэй гэж хичээнгүйлэн хүсье. Мөн бидэнд тусалж, сэтгэл гаргаж байгаа бүх хүнд талархсанаа илэрхийлье” гэлээ.
И.Тэмүүлэнд туслах хандивын дансны дугаар ХААН банк: 5057901208
Сэтгэгдэл (3)