Галт уулын дэлбэрэлтээс шалтгаалсан цунами өнгөрөгч өдрүүдэд Тонга улсын газар нутагт тохиолдсон билээ. Тэгвэл тус явдлаас хойш иргэдийг гэрээсээ гаралгүй аль болох өндөрлөг газар байрлах зөвлөгөөг өгсөөр ирсэн. Галт уул дахин дэлбэрэх магадлалтай тул одоогийн байдлаар иргэдэд аюулгүй хоргодох байр олох, аль болох их хэмжээний ундны ус цэвэршүүлж хадгалах, мөн галт уулнаас үүссэн их хэмжээний манангаас хол байхыг анхааруулж байна. Их хэмжээний үнс утаанаас болж Тонга улсын ихэнх цэвэр ус бохирдсон тул зэргэлдээх улс орнууд тусламжийн барааг нисдэг тэргээр илгээсэн ч одоогийн байдлаар газардах боломжгүй байгаа.
Иргэдийн нүд, арьс болон уушгийг галт уулын хорт утаа гэмтээх нь тодорхойгоос гадна бохир (давстай) усыг хэрэглэвэл мөн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Мөн цунамигаас болж Тонга улсын үүрэн холбооны хэрэгслүүд ажиллахгүй байгаа тул тэдэнтэй гадны улсаас холбоо тогтоох бараг л боломжгүй байгаа юм байна. Хэдийгээр тус улсын хувьд гадны орнуудаас анхан шатны тусламжийн бараанууд (эм тариу, боолт гэх мэт) хүлээн авах хэрэгтэй байгаа ч хүргэлтийн явцад коронавирусын халдвар тараах магадлалтай хэмээн тус улсын эрх мэдэлтнүүд үзэж байна.
Тонга улсын ихэнх иргэд газар тариалан фермийн аж ахуй эрхэлж амьдардаг тул галт уулын аюул өнгөрсний дараа ч улсын эдийн засагт ирээдүйд хүчтэй нөлөөлсөөр байх төлөвтэй.