Индонез улсын нийслэл арав гаруй сая хүн амтай Жакарта хотыг бид бүхэн сайн мэдэх билээ. Тэгвэл тус хот жилээс жилд далайд живж байгаа, бохирдол ихтэй, хүн амын хэт их нягтралтай мөн хотын буруу төлөвлөлтөөс шалтгаалж Индонез улс шинэ нийслэл хот барих төслөө 2019 онд эхлүүлсэн. Уг хот нь Борнео гэх арал дээрх Зүүн Калимантан гэх аймгийн бүс нутагт оршно.
Шинэ хотыг бүтээн байгуулснаар агаарын бохирдол, зам тээврийн түгжрэл нь хэрээс хэтэрсэн Жакарта хотын нөхцөл байдлыг сайжруулна гэж Индонез улсын засгийн газар найдаж байгаа. Харин шинэ нийслэл хот барьж байгаа учир нийслэл хотынхоо нэрийг ч мөн солих шаардлага гарчээ. Улмаар шинэ нийслэл хотоо Нусантара гэж нэрлэхээр болсон байна. Уг нэрийг улсын ерөнхийлөгч өгсөн бөгөөд Индонез улсын бүс нутагт хамаардаг хэсэг арлуудыг Нусантара гэж мөн нэрлэдэг байна. Тус хотын бүтээн байгуулалтад Индонез улс 32.4 тэрбум америк долларыг төсөвлөсөн нь тус улсын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг болох нь тодорхой болжээ. Мөн тус хотын бүтээн байгуулалт тус бүсийн онгон дагшин байгальд их хэмжээний хохирол учруулна хэмээн эсэргүүцэгчид цөөнгүй байгаа.
Индонез улс нь нийслэл хотоо сольж буй анхны улс биш бөгөөд тэдний өмнө Пакистан, Бразил, Нигери гэх мэт улсууд мөн шинэ хот төлөвлөж нийслэлээ сольж байсан.
П.Тамир